XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан болж байгаа “Өв тээсэн үнэ цэн-Сар шинийн үнэт бэлэг-” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 11-нээс эхлэн үргэлжилж байна. Тус үзэсгэлэнг Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын Үндэсний музей, Дуут урлал ХХК, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар үг хэлэхдээ "Шатар бол Монголын өв тээсэн үнэ цэнийн салшгүй нэг хэсэг. Шатар Монголоос үүсэн, Арабаар дамжиж, Европт тархсан гэх эх сурвалжууд бий. Мөн, английн эрдэмтэн "Хүннүчүүд МЭӨ 400-450 оны үед шатар тоглож байсан"-ыг баталсан байдаг. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших "Шатар чулуу" буган чулуун хөшөөн дурсгал 3 мянган жилийн түүхтэй. Монгол овогтны нэг шатарчин хааныг өөд болоход энэ газар оршуулж, дурсгалыг нь мөнхлөн, шатар чулуун хөшөөг босгосон гэх домог бий. Үүнийг нотлох сүг зураг, сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, монгол шатрын дүрс хэлбэртэй янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд ч байдаг. Түүнчлэн, 2200 жилийн өмнөх Хүннүгийн булшнаас Монголын археологич бэрс гэдэг домгийн амьтны дүрсийг алтан зоосон дээр цутгасан олдвор олсон. Бэрсийг европт хатан гэж нэрлэдэг. Энэ мэт шатар Монголоос үүсэлтэй гэх түүх, дурсгалын баримтууд байна. Монгол шатарт л зөвхөн хамгийн хүчирхэг дүрсийг бэрс гэж нэрлэдэг" хэмээлээ.
Тус үзэсгэлэн нь Монголчуудын уламжлалт өв соёлыг орчин үед инноваци, шинэ технологи нэвтрүүлэн шинээр урлан бүтээсэн “Дуут урлан” ХХК-ийн урчуудын бүтээлүүд дэлгэгдэж буйгаа онцлог юм. “Дуут урлан” ХХК 33 жилийн хугацаанд ур, ухаанаа шингээн монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 шатрыг үзэсгэлэнд олон нийтэд толилуулах юм.
Мөн цагаан сарын уламжлалт эд эдлэл сав суулга, идээ ууцны цар, мөнгөн завъяа, даш бумба, дөрвөн хүчтэн урласан эх төлийн загвартай мөнгөн халбага сэрээ, эхнэр хүний иж бүрэн толгойн чимэг зэрэг монгол дархны ур ухаан шингэсэн чамин бүтээлүүдийг дэлгэсэн билээ. Түүнчлэн Монгол шатрын түүхэн гарал үүслийг гэрчлэх археологийн олдвор, уран зохиолын дурсгал, түүхэн эх сурвалжуудыг нарийвчлан судлах, шинжлэх ухааны баримт, материалуудыг танилцуулах эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Үзэсгэлэн 2025 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх тул өргөн түмнээрээ таалан үзэхийг урьж байна
Сэтгэгдэл ( 0 )