Жүжигчин Юү А Ин таван сарын өмнө хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт болж түүнд тэнсэн харгалзах ял оноон, шоронгоос суллажээ.
Юү А Ин буюу жинхэнэ нэр нь Ум Хён Шиг нь энэ жил 39 нас хүрч буй бөгөөд 2020-2022 оны хооронд нийт 181 удаа гоо сайхны мэс засал хийлгэх нэрийдлээр эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг мэдээ алдуулагч болох пропофол тариулсан болох нь шалгалтын явцад ил болсон. Үүнээс гадна кетамфетамин болон өөр гурван төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэтрүүлэн хэрэглэсэн болох нь тогтоогдож, өнгөрөгч есдүгээр сард шүүхээс 1 жилийн хорих ял, 2 сая воноор торгуулах ял шийтгүүлсэн.
Давж заалдах шатны шүүх хурлаар түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 2 сая вонын торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Жүжигчин Юү А Иний хувьд 2020 оны 9-р сараас эхлэн Сөүл хотын гоо сайхны эмнэлгүүдэд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх нэрийн дор удаа дараа пропофол хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд өнгөрөгч 7-р сард прокурорын зүгээс түүнд 4 жилийн хорих ял төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан билээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр 14 өөр эмнэлэгт 181 удаагийн үйлдлээр нийт 9.6 литр эмчилгээний журмаар ашигладаг пропофол тариулжээ.
Мөн түүний яллах дүгнэлтэд 567 миллиграмм мидазолам, 10.7 миллилитр кетамин, 200 миллиграмм ремимазолам хэрэглэсэн тухай өгүүлжээ. Тэрээр бусдын нэрийг ашиглан 44 удаагийн үйлдлээр 1150 ширхэг нойрны эм хууль бусаар авсан нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хаха, Сондор сэтгүүлчийн маань нар гарч дээ, баяр хүргэе