Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хён болон талийгач жүжигчин Ким Се Рун нартай холбоотой асуудал олны анхаарлыг татсан хэвээр байна. Талийгаач Ким Се Руныг жүжигчин Ким Сү Хёноос болж амиа хорлосон хэмээн талийгаачийн ар гэрийнхэн мэдэгдээд буй. Эдгээр үйл явдлуудтай холбогдуулан жүжигчин Ким Сү Хёны агентлагаас товч мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдэлд "Сайн байцгаана уу. Gold Medalist агентлаг байна.
Саяхан HOVERLAB-ийн зүгээс Ким Сү Хёныг буруутгасан талаар бид мэдэгдэл хийхийг хүсч байна. Эдгээр ор үндэслэлгүй цуурхал, мэдээлэлд хариу өгөхийн тулд "Gold Medalist" агентлагийн зүгээс ирэх долоо хоногт бодит нотлох баримтад тулгуурлан бүрэн хэмжээний мэдэгдэл хийх болно.
Ийнхүү хойшлуулж мэдэгдэл хийж байгаа нь олон нийтийн дунд таагүй уур амьсгал үүсгэж буйд хүлцэл өчье. Энэхүү шийдвэр нь ташаа мэдээллийн тархалтыг зогсоох зорилготой гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна, баярлалаа" гэжээ.
Түүний агентлагийн зүгээс өмнө нь өгсөн байр суурьдаа бат зогсож буйгаа мэдэгдээд байгаа билээ. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Ким Сү Хёны нүүр царайгаар нь ажиллаж байсан компаниуд сурталчилгаагаа эргүүлэн татаж, дүр бүтээж буй кинонуудаасаа хасагдахад хүрээд байна.
Сэтгэгдэл ( 0 )