Парисын загварын долоо хоногийн 2025 оны намар-өвлийн улирлын шоу энэ мягмар гарагт өндөрлөлөө.
Энэ удаагийн арга хэмжээ нь олон алдартай загварын орднуудын шинэ уран бүтээлчдийн дебютээр дүүрэн байснаараа онцлог боллоо. Тухайлбал, Жулиан Клауснер нь үндэслэгчийнхээ халааг авч Dries Van Noten-ийг удирдаж эхэлсэн бол Сара Бёртон Givenchy-гийн шинэ өнгө төрх болж, Хайдер Аккерман Tom Ford брэндийг дахин сэргээсэн нь ихээхэн анхаарал татлаа. Эдгээр загвар зохион бүтээгчид тус бүр өөрсдийн өвөрмөц үзэл баримтлалаар брэндүүдээ шинэ дүр төрхтэй болгожээ. Есөн өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээнд дизайнерууд улс төрийн илэрхийллээс зайлсхийж, харин оронд нь чөлөөт орон зай, дотоод хүч чадлыг илэрхийлэх нарийн мэдрэмж бүхий бүтээлүүдээ танилцуулжээ. Үүнээс гадна, ретро хэв маягтай загварууд, оффисын хувцаслалтын орчин үеийн шийдлүүд, нэгдүгээр сард таалал төгссөн алдарт кино найруулагч Дэвид Линчид хүндэтгэл үзүүлсэн загварууд ч байлаа. “Бид ‘энгийн тансаг загвар’ гэх чиг хандлагаас холдож байна. Би энэ үйл ажиллагаагаар олон загваруудаас аз жаргал, хошигнол, ёжлосон байдлуудыг олж харлаа” хэмээн Францын Galeries Lafayette их дэлгүүрийн эмэгтэй хувцасны худалдан авалтын захирал Аликс Морабито ярьжээ. Түүний үзэж байгаагаар, энэ нь загварын салбарт нэн шаардлагатай зүйл юм. Тэрбээр “Брэндүүд хүмүүстэй дахин ойртохын тулд чиглэсэн загвар гаргахдаа тэдний сонирхлыг татахуйц, хөгжилтэй байдлаар загваруудыг гаргаж байна” гэж онцлов.
“Оффискор” буюу оффисын стиль давамгайлсан нь
Олон дизайнерууд албан ёсны ажил хэрэгч хувцаслалтын чиг хандлагад анхаарлаа хандуулсан нь оффист эргэн ирэх соёл хүчээ авч буйтай холбоотой байлаа. Tom Ford брэндийн анхны коллекцоо танилцуулсан Хайдер Аккерман хүсэл тачаал, эрх мэдлийг илэрхийлсэн загваруудаараа тус брэндийн үүсгэн байгуулагчийн үзэл санаатай уялдуулжээ. Түүний бүтээлүүдийн дунд Tom Ford-ын алдарт “Perfecto” арьсан хүрмийн шинэчлэгдсэн загвар байсан бөгөөд Аккерман үүнийг маш нарийн эсгүүртэй, хурц силуэттэй болгон өөрчилжээ. Мөн Hitchcock-ийн уур амьсгалыг агуулсан улаан арьсан тренч цув, улаан уруулын будалт, шохой мэт цагаан ягаан өнгийн нарийхан хослолыг хүчиллэг ногоон цамцтай хослуулсан нь Tom Ford-ын Gucci-д ажиллаж байсан үеийн өнгө төрхийг санагдуулав. Stella McCartney брэндийн шоу оффис эмэгтэйн гоо зүйг харуулахыг хичээсэн бөгөөд үзэгчид ч аяга, бичгийн хэрэгсэл бүхий оффисын ширээний ард сууж байв. Кэмерон Диаз, Vogue сэтгүүлийн Анна Винтур, загвар өмсөгч Парис Жэксон зэрэг алдартнууд энэ шоуг үзэж байлаа. Харин загвар өмсөгчид Канадын дуучин Мари Дэвидсоны “Work It” дууны хэмнэлд алхсан юм.
Тэдний өмссөн хувцаснуудад 80-аад оны өргөн мөртэй хослолууд, халаастай шинэ загварын харандаа банзал, сул загвартай цув, зөөврийн компьютер багтах хэмжээтэй том гар цүнхнүүд багтжээ. Balenciaga брэнд ч мөн өөрийн албан хувцасны шийдлүүдийг танилцуулсан бөгөөд энгийн, нарийн эсгүүртэй хослолууд голлосон байлаа. Загвар зохион бүтээгч Демна энэхүү цуглуулгаа албан хувцасны стандартын эрэл хайгуул хэмээн тодорхойлсон бөгөөд “Энгийн хүрэм хийх нь энэ улиралд хамгийн хүнд ажил байлаа. ‘Энгийн’ хүрэм гэж чухам юу вэ? Бусад хүрмүүдээс юугаараа ялгаатай байх ёстой вэ?” хэмээн шоуны дараа сэтгүүлчдэд хандан хэлжээ.
Ретро тансаг загвар
Энэ удаагийн загварын шоу нэг тодорхой эринд тулгуурласан гэхээсээ илүү түүхэн үеүдийг хослуулан зохилдуулсан шинжтэй байв. Өдөр тутмын хэрэглээнд тохируулсан, чамин чимэглэл, үслэг эдлэлүүд онцгой байлаа. Dries Van Noten дахь анхны цуглуулгаа танилцуулсан Жулиан Клауснер алдарт Opéra Garnier буюу XIX зууны үеийн тансаг барилгыг тайз болгон сонгожээ.
Түүний загваруудад гоёл чимэглэлийн унжлага бүхий болеро, хагас боловсруулсан торгон оёдолтой банзал, гутлын үдээсээр чимэглэсэн товчлуурын нүх зэрэг өвөрмөц элементүүд багтсан байв. Valentino брэндийн шоу нь шөнийн клубын угаалгын өрөөг дүрсэлсэн тайзтай байсан нь нийтийн ба хувийн орон зайг уусгах гэсэн санааг илэрхийлж байв. Улаан гэрэлтэй, цохилго ихтэй техно хөгжмийн дунд загвар өмсөгчид дотуур хувцас, хагас үдэшлэгийн хувцастай гарч ирсэн бөгөөд Викториан оосор, эмжээр бүхий хувцаслалт, торон шорт, Converse кеттэй хослуулсан загварууд онцгой байлаа.
Илүү олон өнгө, туршилт
Эмэгтэйчүүдийн хувцас загварын чиг хандлага үргэлж халуун сэдэв байсаар ирсэн билээ. Энэ улиралд зарим дизайнерууд тус төрөлд илүү туршилтын арга барилыг ашиглалаа. Alaïa брэндийн дизайнер Петер Мулиер кинетик урлагаас санаа авч, загваруудаа эргэлдсэн спираль хэлбэрээр бүтээжээ. Загвар өмсөгчдийн нүүрийг хүрээлсэн болон ташааг нь ороосон гуурсан бүтцүүд нь хэтрүүлсэн харьцааны хуурмаг дүр төрхийг бий болгосон бол хуниаснууд нь дэлгэрч, цэцгийн дэлбээ мэт харагдаж байлаа. Тунгалаг нэхмэл, гялгар арьс, мушгирсан чимэглэлүүд нь шоуны хөдөлгөөн, бүтэц, өнгө төрхийг тодотгосон. Givenchy брэндийн шинэ дизайнер Сара Бёртон дебют загваруудаа танилцуулж, Юбер де Живаншигийн 1952 оны анхны цуглуулгыг санагдуулам силуэтээр туршилт хийлээ.
Жүжигчид Руни Мара, Кит Коннор, Гвендолин Кристи нар жирийн сандал дээр суухын оронд боодолтой цаасан дээр сууж шоуг үзсэн бөгөөд загварын шоу торон бодигоор эхэлж, сүүлдээ хуниастай хормойтой бие барьсан даашинз болон хувирчээ. Үүний дараа эрэгтэй хослолыг элсэн цаг хэлбэрийн мини даашинз болгон өөрчилсөн, цагаан цамцыг хуниастай даашинз болгон хувиргасан, мөн арьсан материалтай, том зангидаж уясан ороолтуудыг бүтээсэн гэх мэт сонирхолтой шийдлүүдээр дүүрэн байв. Дизайнер Марин Серрегийн цуглуулга нь арьсан боди, өргөгдсөн мөртэй даашинзнуудаар дүүрэн байсан бөгөөд эмэгтэй хүний хүчирхэг, халуухан дүр төрхийг харуулахыг зорьсон байдлаар чимэглэгдсэн байв. Тайзны ард Серре өөрийн үзэл баримтлалаа илэрхийлэхдээ: "Би эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй, тууштай, өөрсдөдөө итгэлтэй, мэдрэмжтэй байгаасай гэж хүсэж байна. Үүний тулд минимализм маш чухал. Үнэхээр энгийн эсгүүрүүд л үүнийг бүтээж чадна" гэж тайлбарлажээ.
Х.Энхболд
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )