Э.Халиунболд “Дакар Ралли”-д НЭГ АЛХАМ ойртлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
22 цагийн өмнө

Монголын мотоспортын нүүр царай болсон шилдгүүдийн нэг, Гавьяат тамирчин Э.Халиунболд спортдоо эргэн ирж, “Тал нутгаас Дакарт” төслөөр тамирчны карьераа үргэлжлүүлж байгаагаа зарласан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

2019 онд авсан гэмтлийнхээ улмаас спортоос багагүй хугацаанд холдсон Э.Халиунболд “Дакар Ралли 2026”-д оролцохоор болсон нь авто, мото спорт сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж, түүнийг дэмжсэн сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр байна.

“Дакар Ралли”-д өрсөлдөх Монголын баг тамирчдын тоог нэмэгдүүлэх, илүү хүчтэйгээр Саудын Араб улсыг зорихыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан зорилгоо болгон ажиллаж байна.

Төслийн хүрээнд Ази тивийн аварга, ОУХМ Э.Халиунболд анх удаа Ралли Рейдийн Дэлхийн аваргын цувралд хөл тавихаар Эмиратыг зориод ирсэн.

Тэрбээр хоёрдугаар сард болсон Ралли Рейдийн Дэлхийн аваргын цувралын 2-р гараа болох Абу Дабигийн “Цөлийн челлэнж” (Abu Dhabi Desert Challenge) тэмцээнд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр 14-өөр, “Ралли2” ангилалдаа долоодугаарт бариалсан билээ.

Тэрбээр тэмцээний дараах сэтгэгдлээ “Анх удаа том хэмжээний Ралли төрөлд уралдлаа. Боломж маш их байгааг мэдэрсэн, их зүйл ойлгож сурсан том туршлага өгсөн тэмцээн боллоо. Мотокросс төрлөөс Ралли төрөлд хөл тавьж, тив, дэлхийн уралдаанд оролцоно гэдэг амаргүй даваа юм байна. Улам их хичээж, бэлтгэж, дараагийн тэмцээнүүддээ анхаарах даалгавар авлаа. Өөрийн мотоциклын төрөл жанраа сольж үзэж байгаа гэдгээрээ мотокросс сууринаас өөрийгөө нэлээд эвдэж, өөрчилж үзэх ёстойг сайн мэдэрч, өөрчлөлтүүдээс суралцлаа” хэмээн хуваалцсан.

Монголын мото спортын бахархал болсон Э.Халиунболд болон “Тал нутгаас Дакарт” төслийн багийн дараагийн цувралд амжилт хүсье.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu