ОУОХ чуулганыхаа өмнө ОЛИМПЫН ШИНЭЧЛЭЛИЙГ эргэж харна

З.Тэмлүүн | Zindaa.mn
20 цагийн өмнө

Олимпын өлгий нутаг Грект Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны ээлжит 144-р чуулган хуралдана. Чуулганы үеэр Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгчийн сонгууль (03.20) болох бөгөөд энэ нь спортын ертөнцийн хамгийн чухал үйл явдлын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна. 

ОУОХ ээлжит чуулганаа угтаж, шинэ ерөнхийлөгчөө сонгохоор бэлтгэж буй энэ үед тус байгууллага Томас Бахын удирдлага дор өнгөрсөн арван жилд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн талаар эргэн дүгнэж байна.

2014 онд "Олимпын хөтөлбөр 2020"-ийг баталж, улмаар долоон жилийн дараа COVID-19 цар тахлын үед "Олимпын хөтөлбөр 2020+5" болгон өргөжүүлснээс хойш ОУОХ нь Олимпын наадмыг шинэчилж, тамирчдын үүрэг, оролцоог өргөжүүлж, цахим инновацыг нэвтрүүлж, тогтвортой, санхүүгийн хувьд бат бөх Олимпын хөдөлгөөний суурийг тавьсан.

ОЛИМПЫН НААДМЫН ШИНЭ ЗАГВАР

Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том өөрчлөлт нь Олимпын наадмыг зохион байгуулах, хотуудад хуваарилах аргачлал юм. Өмнө нь өрсөлдөөнт тендерийн систем ашигладаг байсан нь сонгогдоогүй хотуудад санхүүгийн дарамт учруулдаг байсан бол одоо илүү хамтын ажиллагаанд суурилсан, яриа хэлэлцээрт тулгуурласан аргачлалаар орлуулж, үүний үр дүнд тендерийн зардлыг 80 хувиар бууруулсан. Ингэснээр Олимпын наадмыг зохион байгуулах хотуудын сонирхол нэмэгдэж, 2034 он хүртэлх наадмуудын байршлыг тодорхойлсон бөгөөд 2036 болон түүнээс хойших наадмуудыг зохион байгуулах сонирхол дэлхийн хотуудад нэмэгдэж байна.

“Парис 2024” зуны Олимп шинэ үзэл баримтлалыг харуулсан томоохон жишээ болсон. Тус наадам 100 хувийн сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж, өмнөх наадмуудтай харьцуулахад нүүрстөрөгчийн ул мөрийг 54.6 хувиар бууруулсан. Тэмцээнүүд хотын төвд, алдартай газруудын дунд зохион байгуулагдаж, хотын оршин суугчид Олимпын уур амьсгалыг илүү ойроос мэдрэх боломжтой болсон.

Үүнээс гадна нийтийн марафон, Олимпын боловсролын хөтөлбөрийг өргөжүүлснээр Олимпын туршлага зөвхөн стадионд бус, өргөн хүрээнд түгсэн.

ТАМИРЧДЫГ ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨВД БАЙРШУУЛАХ НЬ

ОУОХ тамирчдын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, тэднийг зөвхөн оролцогч биш, харин Олимпын хөдөлгөөний гол цөм болгохоор ажиллаж байна. "Парис 2024 Олимпын тэтгэлэг" хөтөлбөрийн хүрээнд 195 гишүүн хорооны 1,560 тамирчин шууд санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд үр дүнд нь хөтөлбөрт хамрагдсан тамирчдын 75 нь Олимпын медаль хүртжээ. Мөн "Олимпын эв санааны нэгдэл" сангийн төсөв 67 хувиар нэмэгдэж, 2025-2028 онд 167 сая ам.долларт хүрсэн нь 250,000 гаруй тамирчинд үр ашгаа өгч байна.

Шударга, цэвэр тэмцээний орчинг хангах нь бас тэргүүлэх чиглэлүүдийн нэг байв. Олон улсын шинжилгээний агентлаг (ITA)-ийг байгууласнаар допингийн эсрэг хяналт илүү хараат бус, үр дүнтэй болсон бөгөөд Парис 2024-өөс өмнө тамирчдын 90 хувийг шинжилгээнд хамруулсан нь өмнөх Олимпын наадмуудаас илүү өндөр үзүүлэлт байлаа.

ЦАХИМ ХУВЬСАЛ БА E-СПОРТЫН ӨСӨЛТ

“Парис 2024” зуны Олимп түүхэн дэх хамгийн цахим хэрэглээ өндөр хэмжээнд зохион байгуулагдсан наадам болж, сошиал медиа, хиймэл оюун ухаан болон шинэ цахим туршлагуудын ач холбогдлыг тодотголоо. ОУОХ-ноос мэдээлснээр 412 тэрбум цахим хандалт бүртгэгдсэн нь “Токио 202” зуны олимпын наадмаас 290 хувиар өссөн үзүүлэлт юм. Олимпын вэб сайт болон аппликэйшнд 325 сая хэрэглэгч хандсан нь Olympics.com-ыг дэлхийн хамгийн том спортын дижитал платформуудын нэг болгожээ.

Үүнээс гадна ОУОХ e-спорт руу чиглэсэн анхны том алхмаа хийж, 2024 оны 7-р сард Олимпын e-Спортын Наадам байгуулах шийдвэр гаргасан.

Анхны наадам 2027 онд Саудын Арабт болох бөгөөд 12 жилийн түншлэлийн хүрээнд зохион байгуулагдана. Энэ нь залуучуудын сонирхлыг татах, орчин үеийн спортын хөгжлийг хүлээн зөвшөөрөх алхам болж байна.

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ

Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын дунд ОУОХ санхүүгийн хувьд тогтвортой байдлаа хадгалж, 2025-2028 оны мөчлөгт 7.4 тэрбум ам.долларын орлого бүрдүүлж, 2029-2032 оны хугацаанд 6.5 тэрбум ам.долларыг баталгаажуулсан. Орлогынхоо 90 хувийг дэлхийн спортын хөгжлийн хөтөлбөрүүдэд буцаан зарцуулж, тамирчид болон спортын байгууллагуудад өгөх өдрийн санхүүгийн дэмжлэгээ 4.7 сая ам.доллар болгож өсгөсөн нь 2014 оны 3.25 сая ам.доллароос мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн, засаглалын шинэчлэлүүдийг эрчимжүүлж, ОУОХ сайн дурын үндсэн дээр Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт (IFRS)-ыг нэвтрүүлэн ил тод байдлаа сайжруулж, спортоос үүдэлтэй авлига, бооцооны гэмт хэргийн эсрэг хүчтэй арга хэмжээ авч байна.

ОУОХ-ын сүүлийн 10 жилийн шинэчлэлүүд Олимпын наадмыг илүү тогтвортой, илүү цахим, илүү хүртээмжтэй болгож, Олимпын орчныг бүхэлд нь өөрчилсөн.

144 дүгээр чуулган Грект 2025 оны 3-р сарын 19-21-нд зохион байгуулагдах бөгөөд Олимпын хөдөлгөөний дараагийн шинэчлэлийн чиглэлийг тодорхойлох болно.

Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu