С.Чингүүн, Б.Мөнгөнзул нар залуучуудын ДАШТ-д X байрт эрэмбэлэгдэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
20 цагийн өмнө

Олон улсын шатрын холбооноос 20 хүртэлх насны Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 7-ны өдрүүдэд Монтенегро улсын Петровац хотноо зохион байгуулсан. Тус тэмцээнд 58 орны дэлхийн шилдэг залуу 255 шатарчид нээлттэй болон охидын ангилалд оюун ухаанаа сорин Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдсөн юм.

Монгол эх орноо төлөөлөн тус тэмцээний нээлттэй ангилалд ОУМ Г.Амартүвшин, ОУМ М.Амилал, ФМ С.Чингүүн нар, охидын ангилалд эФМ Э.Хүслэн, эФДМ Б.Мөнгөнзул нарын шилдэг залуу шатарчид шалгаран амжилттай оролцсон билээ. Хамгийн сүүлийн 11-р өргийн дараах байдлаар нээлттэй ангилалд С.Чингүүн 7,5 оноотой, охидын ангилалд эФДМ Б.Мөнгөнзул 7,5 оноотойгоор тус тус ангилалдаа 10-р байрт эрэмбэлэгдэж дэлхийн элит тэмцээнүүдийн нэгт тооцогддог Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах мэргэжлийн шатарчдын өндөр зэрэглэлийн тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөв.

Энэхүү амжилтаараа ФМ С.Чингүүн Олон улсын мастер /IM/ цолны хамгийн сүүлийн 3 дахь нормын болзол биелүүлж, олон улсын чансаагаа +19,7 дүнгээр нэмэгдүүлсэн бол эФДМ Б.Мөнгөнзул эмэгтэй Олон улсын мастер /WIM/ цолны мөн хамгийн сүүлийн 3 дахь нормын болзол биелүүлж олон улсын чансаагаа +34 дүнгээр тус тус нэмэгдүүлсэн. ФМ С.Чингүүн, эФДМ Б.Мөнгөнзул нарын хувьд аль хэдийн олон улсын чансаа нь Олон улсын мастер цолны босго 2400, эмэгтэй Олон улсын мастер цолны босго 2200 чансааг давхар давсан гэдэг амжилтаараа цол нэмэж эрэгтэй, эмэгтэй Олон улсын мастер цолтонууд болж байна.

Мөн түүнчлэн нээлттэй ангилалд оролцсон ҮШБ, Алдар спорт хорооны тамирчин, МУ-ын аварга шатарчин, ОУМ Г.Амартүвшингийн хувьд тэмцээний 10-р өргийн дараах дүнгийн жагсаалтанд 9-р байрт эрэмбэлэгдэж байсан ч хамгийн сүүлийн 11-р өрөгт 5-р ширээнд БНХАУ-ын тамирчин, Их мастер Шиа Тонгд цагаан талаас хожидол хүлээн 17-р байрт шалгарсан. ОУМ Г.Амартүвшин нь 11-н өргөөс 7 оноотой олон улсын чансаагаа +24,5 дүнгээр нэмэгдүүлж, 2549 чансааны чанарын үзүүлэлттэй тоглосон амжилтаараа Их мастер /GM/ цолны анхны норм биелүүлсэн бахдам амжилт гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu