"Мон-Алтиус" дээд сургууль шатрын оюутны УАШТ-д түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
22 цагийн өмнө

Монголын оюутны спортын холбооноос 2025 оны Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2025 оны гуравдугаар сарын 14-15-нд “Зууны шатар” клубт боллоо. Тус тэмцээнд 12 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 18 нийт 54 оюутан шатарчид оролцлоо. Тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан ба багийн ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2025 оны тэмцээнд оролцсон залуу мастеруудын тоглолт нь сүүлчийн наймдугаар өрөг хүртлээ сонирхолтой, өрсөлдөөн ихтэй, хэн нь түрүүлэх нь тодорхойгүй байсан хэдий ч 2025 оны оюутны шатрын аваргын медальтнууд тодорсон билээ.

Эрэгтэй ангилалд "Мон-Алтиус" дээд сургуулийн оюутан, ФМ С.Чингүүн 6,5 оноотой тэргүүн байрт шалгарч, алтан медаль хүртлээ. Түүнтэй адил 4 тамирчин 6,5 оноотой тэмцээнээ дуусгаснаас коэффицентийн илүүтэйгээр МУИС-ийн оюутан, ОУМ Х.Итгэлт мөнгөн медаль хүртэн, ШУТИС-ийн оюутан СМ А.Эрхэмбаяр хүрэл медалийн эзэн боллоо. Харин ФМ Г.Булганхан шагналт 4 дүгээр байрт шалгарлаа. Тэмцээнд ДМ О.Чингүүн, СМ Ч.Тайванбат, ДМ Н.Батмөнх, А.Хүслэн нарын зэрэг олон шилдэг тамирчид оролцсон нь тэмцээнийг улам бүр сонирхолтой болгов.

Эмэгтэй ангилалд тамирчид нь 7-н өрөгт тоглосон ба “Оточ манрамба” их сургуулийн оюутан эОУМ/ФМ О.Өлзийхишигжаргал нь 5,0 оноотой алтан медаль хүртлээ. МУИС-ийн оюутан эФМ Н.Наран-Эрдэнэ нь бас тэргүүн тамирчинтай адил 5,0 оноо авсан ч коэффицентийн дутуугаар мөнгөн медалийн эзэн болов. Харин "Мон-Алтиус" дээд сургуулийн оюутан А.Буянзаяа 4,5 оноотой хүрэл медалийг гардан авлаа.

Ийнхүү Монголын олон шилдэг залуу шатарчид нь их, дээд сургуулиа төлөөлөн оролцож багийн дүнг хамгийг өндөр оноо авсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчны нийлбэр дүнг гаргав. Тэргүүн байрт Мон-Алтиус дээд сургуулийн баг 17,5 оноо авч, багийн тамирчин С. Чингүүн, Г. Булганхан, А. Буянзаяа нар алтан медалийг хүртэв.

Харин МУИС-ийн Х.Итгэлт, Э.Золбоот, Н.Наран-Эрдэнэ нар 16,5 оноогоор мөнгөн медалийн эзэн болж, III байрт ШУТИС-ийн багийн шатарчин А.Эрхэмбаяр, Ч.Тайванбат, Д.Анужин нар нь бас л 16,5 оноогоор хүрэл медаль хүртэн, (онооны чанараар) тэмцээндээ амжилттай оролцлоо.

Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан шатарчид энэ оны есдүгээр сард Армени улсад зохион байгуулагдах Дэлхийн Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мон-Алтиус(202.179.27.136) 14 цагийн өмнө

МА сургуулийнхаа хамт олонд баяр хүргэе.

0  |  0
Close menu