Олимпын хөдөлгөөний дээд байгууллага Олон улсын олимпын хороо (ОУОХ)-г ирэх найман жилд удирдах Ерөнхийлөгчийг сонгох түүхэн чуулган болох ОУОХ-ны 144 дэх удаагийн хурал өнөөдөр эхэлж байна. Чуулган гуравдугаар сарын 19-21-нд үргэлжлэх ба олимпын хөдөлгөөний дараагийн шинэчлэлийн чиглэлийг тодорхойлох болно.
Чуулганд оролцохоор ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Грект ажиллаж байна.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь 2013 оноос эхлэн 12 жил тасралтгүй энэхүү байгууллагыг амжилттай удирдан чиглүүлсэн бөгөөд дэлхий дахинаа тохиосон Ковидын цар тахлын хүндхэн үед ч “Токио 2020”, “Бээжин 2022” олимпын наадмуудыг амжилттай зохион байгуулснаас гадна “Olympic Agenda 2020”, “Olympic Agenda 2020+5” зэрэг стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлсний дүнд спонсор байгууллагын дэмжлэг 60 хувиар нэмэгдээд байна.
ОУОХ-ны Ерөнхийлөгчид долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд маргааш болох сонгуулиар 2025 оны олимпын циклд ОУОХ-г удирдах шинэ Ерөнхийлөгч сонгогдох билээ.
Сануулахад, хоёр өдрийн өмнө болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр боксын спортын төрлийг “Лос Анжелес 2028” олимпын наадмын хөтөлбөрт багтаах болсныг Томас Бах мэдэгдэж, энэхүү шийдвэрийг өнөөдөр эхлэх чуулганы үеэр гишүүд баталгаажуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Сэтгэгдэл ( 0 )