Боксын спорт “Лос Анжелес-2028” (LA28) Зуны олимпын наадмын спортын хөтөлбөрт албан ёсоор багтахаар боллоо.
Грекийн Коста Наварино хотноо болж буй Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 144-р чуулган өчигдөр хоёр дахь өдрөө хуралдаж, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг баталгаажуулж, баталлаа.
Зуны олимпод боксын спорт гол спортын төрөл хэвээр байх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа тамирчдад авьяас чадвараа Олимпын дэвжээнд харуулах боломж ийн хадгалагдан үлдлээ.
Сануулахад, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 18-нд хуралдаж, боксын спортыг "Лос Анжелес-2028" олимпын наадмын хөтөлбөрт үлдээх шийдвэр гаргасан.
2022 онд зарласан анхны хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард Дэлхийн боксын холбоог тус спортыг төлөөлөх Олон улсын удирдах байгууллага хэмээн түр хүлээн зөвшөөрсөн юм. Тодруулбал, ОУОХ Олон улсын боксын холбоо (IBA)-г бус Дэлхийн боксын холбоо (World Boxing)-г дэмжин, итгэл хүлээлгэж, дээрх шийдвэрийг гаргаж байгаа гэсэн үг.
Дэлхийн боксын холбоо нь 2023 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд өдгөө 84 орны гишүүнчлэлтэй болжээ.
Өнгөрсөн сард ОУОХ Дэлхийн боксын холбоог түр хүлээн зөвшөөрөх хэд хэдэн үндсэн шалгуурыг хангасан гэдгийг анх мэдэгдэж байсан юм.
Дэлхийн боксын холбооны Ерөнхийлөгч Борис Ван Де Хорст боксын спортыг 2028 оны олимпын төрөлд үлдээх тухай шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд "Энэ бол олимпын боксын хувьд маш чухал шийдвэр бөгөөд боксыг олимпын хөтөлбөрт үлдээхэд нэг алхам ойртуулж өглөө. Олимпын хөдөлгөөний нэг хэсэг хэвээр үлдэх нь боксын спортын ирээдүйн чухал ач холбогдлыг ойлгодог дэлхийн өнцөг булан бүрт байгаа бокстой холбоотой хүн бүрь сайхан санагдана. Энэ мэдээг талархан хүлээж авна гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэлхийн боксын холбооны нэрийн өмнөөс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд манай байгууллагад итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлье. Энэ долоо хоногт болох ОУОХ-ны чуулганаас эерэг үр дүн гарна гэдэгт найдаж байна. Дэлхийн боксын холбоо Олимпын хартийн үнэт зүйлсийг баримталж, сахин хамгаалж, боксыг алдаагүй хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгийг ОУОХ-нд амлаж байна" хэмээжээ.
2028 оны Лос Анжелесын олимпын боксын төрлийн эрх олгох тэмцээн эхлэх үед зөвхөн үндэсний холбоод нь Дэлхийн боксын холбооны гишүүнээр элссэн тамирчид оролцох боломжтойг ОУОХ тодотгож буй.
Ямартай ч боксын спортын олимпын эрх олгох тэмцээнүүд шатлалын дагуу удахгүй зарлагдах нь ийн тодорхой боллоо.
Сэтгэгдэл ( 0 )