Эрүүгийн хэрэг 5.0 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 3.3 хувиар өсжээ

2025 оны 03 сарын 21

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сард нэг удаа ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хүргэдэг. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг статистикийн газрын Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан, Н.Алтантүлхүүр нар, 2024 онд хянан шийдвэрлэсэн Нөлөөллийн мэдүүлгийн дүн мэдээний талаарх танилцуулгыг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газар, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын Хэргийн хөдөлгөөний удирдлага Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн талаарх статистик мэдээллийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Наранбайгаль нар танилцууллаа. Энэ үеэр анхан шатны шүүх 2024 онд эрүүгийн 14682 хэрэг, иргэний 73727 хэрэг, захиргааны 2436 хэрэг, зөрчлийн 45183 хэрэг нийт 136028 хэргийг хянан шийдвэрлэж, 942 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 1924 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 705 хэргээр буюу 5.0 хувиар, иргэний хэрэг 10320 хэргээр буюу 16.3 хувиар, захиргааны хэрэг 65 хэргээр буюу 2.7 хувиар, зөрчлийн хэрэг 18935 хэргээр буюу 73.4 хувиар тус тус өссөн гэсэн мэдээллийг өглөө.
 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ: ИРГЭНИЙ ХЭРЭГ 4.4 ХУВИАР БУУРЧЭЭ

 

Давж заалдах шатны шүүх 2024 онд эрүүгийн 2611 хэрэг, иргэний 2974 хэрэг, захиргааны 809 хэрэг, зөрчлийн 829 хэрэг нийт 7223 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 396 хэргээр буюу 17.9 хувиар, захиргааны хэрэг 63 хэргээр буюу 8.4 хувиар, зөрчлийн хэрэг 106 хэргээр буюу 14.7 хувиар тус тус өссөн бол иргэний хэрэг 136 хэргээр буюу 4.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Эрүүгийн хэрэг:

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд 2024 онд нийт 2855 хэрэг хүлээн авч, 2611 хэргийг хянан шийдвэрлэж, 168 хэргийн үлдэгдэлтэй, гурван хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтийг хүлээн авч, 73 хэрэгт давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гарсан байна. Давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 396 хэргээр буюу 17.9 хувиар өссөн байна.

Иргэний хэрэг:

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд улсын хэмжээнд 2024 онд нийт 3398 хэрэг хүлээн авч, 2974 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах нийт 56 хүсэлтийг хянан шийдвэрлэж, арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай 49 хүсэлтийг хянан шийдвэрлэж, нийт 115 хэрэгт давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шилжүүлж, 21 хэрэгт эрх бүхий этгээд гаргасан гомдлоосоо татгалзаж буцаан авч, тайлант хугацааны эцэст 183 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оноос 136 хэргээр буюу 4.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Захиргааны хэрэг:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 онд шийдвэрлэвэл зохих 1752 хэргээс нийт 1664 хэргийг шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 88 хэргийн үлдэгдэлтэй байна. Нийт шийдвэрлэсэн 1664 хэргээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан 809 хэрэг, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хянасан 693 хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянасан 23 хэрэг, бусад 139 хэргийг тус тус шийдвэрлэж тайлант хугацааны эцэст 88 хэргийн үлдэгдэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан захиргааны хэрэг өмнөх оноос 63 хэргээр буюу 8.4 хувиар өссөн байна.

 

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ: ЗАХИРГААНЫ ХЭРЭГ 38 ХУВИАР ӨССӨН 

 

Хяналтын шатны шүүх 2024 онд эрүүгийн 144 хэрэг, иргэний 321 хэрэг, захиргааны 138 хэрэг нийт 603 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 20 хэргээр буюу 12.2 хувиар буурсан бол иргэний хэрэг 77 хэргээр буюу 31.6 хувиар, захиргааны хэрэг 38 хэргээр буюу 38 хувиар өссөн дүнтэй гарчээ. Үүнээс Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2024 онд нийт 991 хэрэг хүлээн авч, 144 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 839 хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан, зургаан хэргийн үлдэгдэлтэй. Иргэний хэргийн танхим 2024 онд нийт 1595 хэрэг хүлээн авснаас, 321 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 18 хэргийн үлдэгдэлтэй. Захиргааны хэргийн танхим 2024 онд нийт 523 хэрэг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар 138 хэргийг хянан шийдвэрлэж, долоон  хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэргийн тухайд анхан шатны шүүхүүд 2024 онд нийт 20881 хүн, 27 хуулийн этгээдэд холбогдох 17226 эрүүгийн хэрэг хүлээн авснаас зургаан  хуулийн этгээд, 882 хүнд холбогдох 532 хэргийг прокурорт буцааж, 190 хүнд холбогдох 147 хэргийг түдгэлзүүлж, нэг хуулийн этгээд, 298 хүнд холбогдох 185 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, нэг хуулийн этгээд 99 хүнд холбогдох 43 хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хуулийн этгээд 216 хүнд холбогдох 114 хэргийг цагаатгаж, нийт 14682 хэргийг шийдвэрлэж 15 хуулийн этгээд, 17051 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үүнээс 1573 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 366 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 14663 хүнд ял шийтгэл оногдуулсан бөгөөд тайлант хугацааны эцэст 1680 хэргийн үлдэгдэлтэй байна. Өнгөрсөн онтой харьцуулбал хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 5.0 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо мөн 3.3 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ.

Ял шийтгүүлсэн нийт 14663 хүнийг зарим бүлгээр авч үзвэл 1796 буюу 12.2 хувь нь эмэгтэй, 222 буюу 1.4 хувь нь өсвөр насны хүн ял шийтгүүлсэн бол 3510 буюу 23.9 хувь нь урьд ял шийтгүүлсэн, 630 буюу 4.3 хувь нь бүлэглэж үйлдсэн,4390 буюу 29.9 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 94 хүн буюу 5.5 хувь, согтуугаар үйлдсэн хүний тоо 1391 хүн буюу 46.4 хувиар өссөн бол өсвөр насны хүний тоо 13 хүн буюу 5.9 хувь, бүлэглэж үйлдсэн хүний тоо 35 хүн буюу 5.3 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Шийдвэрлэсэн гэмт хэргийн төрлийг авч үзвэл, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийг мөн онтой харьцуулахад  мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нэг хэргээр буюу 0.6 хувиар, хүн хулгайлах гэмт хэрэг нэг буюу 33.3 хувиар, хүчиндэх гэмт хэрэг найман хэргээр буюу 2.4 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 11 хэргээр буюу 6.4 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 13 хэргээр буюу 13.1 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 10 хэргээр буюу 1.2 дахин, бусад төрлийн гэмт хэрэг 21 хэргээр өссөн бол хүнийг алах гэмт хэрэг 12 хэргээр буюу 7.4 хувиар, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг таван гэмт хэргээр буюу 35.7 хувиар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг долоон хэргээр буюу 2.1 хувиар, залилах гэмт хэрэг 45 хэргээр буюу 5.6 хувиар, хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 4.1 хувиар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 576 хэргээр буюу 9.8 хувиар буюу 1.8 хувиар тус тус буурсан дүнтэй гарчээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu