Кирсти Ковентри ОУОХ-г удирдах анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

Грекийн Коста Наварино хотноо (2025.03.20) болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганаас 41 настай  Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр 49 хүний саналаар сонгогдлоо. 

Түүний хувьд энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны африк гаралтай хүн болж байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэв.

Кирсти Ковентри Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпын наадамд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл зэрэг нийт 7 медаль хүртэж байсан юм.

Мөн 2018 оны есдүгээр сараас улс төрд орж, Зимбабве улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв. Шинэ Ерөнхийлөгч ирэх зургаадугаар сарын 23-нд үүрэгт ажлаа хүлээн авна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu