Монголын дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй Монголын дөрвөн бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна.

Хамгийн хөнгөн жин 50 кг-д Б.Мөнхнар дагах барилдаанд Шри-Ланкагийн Хева Педигег даралтаар цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Түүний өрсөлдөгч нь залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичева байх юм.

55 кг-д Б.Отгонтуяа эхний хоёр барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан ч их шөвөгт БНХАУ-ын Ли Юү Хуанд 10:0-ээр дийлдлээ. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдахаар болоод байна.

Түүнчлэн 59 кг-д Т.Алтжин хагас шигшээд Японы Сакура Онишид 10:0-ээр, 68 кг-д Э.Дэлгэрмаа “Парис-2024” олимпын 5-р байрын шагналт, олимпын эрх олгох тэмцээний аварга БНАСАУ-ын Пак Сол Гум-д 8:2-оор хожигдсоноор хүрлийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Т.Алтжингийн өрсөлдөгч нь Энэтхэгийн М.Мускан, Э.Дэлгэрмаагийн өрсөлдөгч нь Кыргызстаны Гульнар Таштанбекова нар байх болно.

Медалийн төлөөх барилдаанууд 23:00 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu