Чөлөөт бөхийн ААШТ I Эхний өдөр гурван ХҮРЭЛ медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 28

Б.Мөнхнар Монголын багийн анхны медалийг авчирлаа

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй Монголын дөрвөн бөх өнгөрсөн шөнө буюу тэмцээний эхний өдөр хүрэл медалийн төлөө барилдаж, Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар медаль хүртлээ. 

Монголын багийн эхний медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Б.Мөнхнар хүртэв. Улсын шинэхэн аварга Б.Мөнхнар хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичеваг 3:0-ээр буулгаж авчээ. 

Ингэснээр манай бөх тивийн аваргаас анхны медалиа авч байна. 
 

 

Б.Отгонтуяа тивийн аваргаас анхны медалиа хүртлээ

Дараагийн барилдаанд зодоглосон U-23 насны Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ.

Манай бөх 55 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Нишу Нишуг даралтаар цэвэр ялав. Тэрбээр барилдаанд 4:0 оноогоор хошуучилж яваад даралтаар цэвэр дарсан.

Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэний эцэст энэ жил анх удаа түрүүлээд байв. Улмаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа өөрийн богосон юм.
 

Т.Алтжин шагналт 5-р байр эзлэв

Улсын шинэхэн аварга Т.Алтжин насанд хүрэгчдийн Азийн АШТ-д медалийн төлөө барилдаж, шагналт 5-р байр эзэллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд U-23 насны Азийн аварга, U-17 ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн М.Мусканд 4:0-ээр ялагдсан юм.

Э.Дэлгэрмаа гурав дахь медалийн эзэн болов

Тэмцээний 68 кг-д өрсөлдсөн Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, залуучуудын Азийн аваргын алт, хүрэл медальт, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальт Гульнара Таштанбековаг оноогоор цэвэр (14:2) ялсан юм. Ингэснээр манай бөх Азийн АШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртэж байв. Э.Дэлгэрмаа 2021 оны тивийн аваргад мөн үзүүрлэж байв.

Ийнхүү Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээний эхний өдөр манай таван бөх зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртээд байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu