Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн Тамгын газраас “Нээлттэй шүүх” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн бодлого”-ын баримт бичиг, шүүхийн Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг хөтөлбөр болгон өргөжүүлж, олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд тус шүүхээр өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчид, “Төгсдэлгэрэх” бүрэн дунд сургуулийн наймдугаар ангийн сурагчид тус тус зочиллоо.
Төлөвлөгөөний дагуу сурагчид шүүхийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах орчин нөхцөлтэй танилцахаас гадна шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, тус шүүхээр шийдвэрлэгддэг маргааны онцлог, шүүхийн нээлттэй ил тод байдал, цахимжилт, шүүх хуралдааны шууд дамжуулалтын талаарх тэдний урьд, өмнө сонсож байгаагүй гэх олон сонирхолтой мэдээллүүдийг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Гантулга, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар өглөө.
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2025 онд тус шүүхийн Тамгын газраас “Монголын сурагчдын холбоо” болон бусад төрийн байгууллагатай хамтран олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон хууль, эрх зүйн мэдлэг олгох, тоглоомын болон мэтгэлцээний аргаар шүүхийн үйл ажиллагаа, гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх, эрхээ хамгаалахаас гадна ирээдүйн зөв монгол иргэнийг төлөвшүүлэхэд сургалтын арга хэлбэрийг чиглүүлж байна.
Өнөөдрийн арга хэмжээний сургагч багшаар Мэргэжил сонголтын зөвлөх, Хөдөлмөр эрхлэлтийн мастер, Ментор, Сургагч багш Ш.Сосорбарам, Монголын Сурагчдын Холбооны ерөнхий менежер Э.Солонго нар Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 10 дугаар анги, “Төгсдэлгэрэх” бүрэн дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, Ардчилсан, шударга нийгэмд нээлттэй, ил тод, хариуцлагатай, шударга шүүхийг цогцлооход иргэн бүрийн хяналт, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн идэвх, оролцооны ач холбогдол, хэрхэн оролцдог талаар сонирхолтой байдлаар шүүхийн талаарх суурь мэдлэгийг олголоо.
М.Зул
Сэтгэгдэл ( 0 )