Байт харвааны заалны УАШТ-д 263 харваач цэц сорьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

Байт харвааны 17 дахь удаагийн заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд 19 байгууллагын 261 харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. Тус тэмцээн нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олон улсын тэмцээнд бэлтгэхэд чухал ач холбогдолтойг онцолж байна.

Тэмцээнд тамирчид рекувр болон компаунд төрлөөр U12, U16, насанд хүрэгчид гэсэн ангилалд өрсөлдөж байна.
 


Монгол Улсад байт харвааны спорт үүсэж, хөгжөөд даруй 63 жил өнгөрчээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин, байт харвааны нэрт тамирчин Должингийн Дэмбэрэл 1971 онд Англи улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, байт харваа төдийгүй Монголын спортын түүхэн дэх анхны Дэлхийн аварга болж байсан билээ. 

2025 оны Улсын аваргад 263 тамирчин оролцож байгаагаас хамгийн бага насных нь U12 насны төрөлд өрсөлдөж байгаа 9 настай тамирчин байв. Харин өндөр цолтой тамирчдаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Ш.Даваахүү кампаутын төрөлд цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Тамирчид рекувр төрөлд ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй хувийн болон багийн харваагаар өрсөлдөнө.

Байт харваа нь монголчуудын хувьд олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж болох спортын гол төрлийн нэг. Манай улсад заалны байт харваан спортоор хичээллэж байгаа хүмүүст зориулсан стандарт, шаардлага хангасан заал ховор. Харин Монголын байт харвааны холбооноос Монголдоо тус спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээнд амжилттай оролцуулах, уг спортоор хичээллэж байгаа хүүхэд, залуусыг мэргэжлийн түвшинд бэлтгэх зорилгоор Олон улсын стандартад нийцсэн заал тохижуулж, ашиглалтад оруулсан нь тамирчдын бэлтгэл, урам зоригийг сэргээжээ. 

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч  Х.Отгонтуяагийн онцолсноор заал нь байт харвааны спортоор хичээллэж байгаа хүүхэд, залуус тамирчдын бэлтгэл хийх орчныг бүрэн хангаж, тохижилт, зай талбай, гэрэлтүүлэг зэргийг нарийн тооцоолж тохижуулснаараа давуу талтай бөгөөд байтын спортыг дараагийн шатанд гаргахад том түлхэц болох нь дамжиггүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu