Хөлбөмбөг сонирхогчдодоо дуулгах онцгой мэдээтэй.
Испанийн гуравдугаар лигийн “Ramassa” клубын тамирчид маргааш буюу бямба гаригт (2025.04.12)-нд Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байна.
Хөлбөмбөгийг нийтэд түгээх зорилгынхоо хүрээнд Монголыг зорин ирж буй "Ramassa"-гийнхан дөрөвдүгээр сарын 13-ны ням гаригт Монголын хөлбөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт хийнэ.
A.E.Ramassa спортын холбоо нь Испани улсын Каталуниа мужийн 50 жилийн түүхтэй, спорт болон нийгмийн салбарт онцгой төслүүд хэрэгжүүлж ирсэн байгууллага бөгөөд Олон Улсын "Common Goal" санаачилга болон НҮБ-ын “Football for the Goals” төслийн хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг санаачлан хийснээрээ алдартай.
Тус байгууллагын хэрэгжүүлдэг төсөл нь хүйсийн тэгш байдал, боловсрол, суурь үйлчилгээний хүртээмж, энх тайван, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэдэг бөгөөд эдгээр төсөл нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг нэгтгэн, тэдний нийгэмд эзлэх байр сууриа олох үйл явцыг дэмжих чухал хэрэгсэл болдог байна. Тэдний хэрэгжүүлж, зорьдог төслүүд зөвхөн Испани гэлтгүй Олон улсын хэмжээнд хэрэгжиж, 2014 оноос Африк тивд хүмүүнлэгийн төсөл илгээж эхэлснээр Этиоп, Бенин, Уганда, Камерун, Мадагаскар, Кот-д’Ивуар, Гамби зэрэг орнуудад өөрсдийн үйл ажиллагааг хүргэжээ. Тухайн улсын шилдэг хөлбөмбөгийн багуудтай нөхөрсөг тоглолт зохион байгуулж, орон нутгийн ТББ-уудтай хамтран ажиллаж, өөрсдийн үнэт зүйлстэй нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, сургалт болон үйл ажиллагаа явуулдаг нь тэдний хөлбөмбөгт оруулж буй сайн хөтөлбөрт тооцогддог.
Тухайлбал, 2021 онд Испанийн Каталуний мужид ирсэн орогнол хүсэгч, дүрвэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ санаачилга боловсруулж, “Шинээр ирэгсэд, орогнол хүсэгчид болон дүрвэгчдэд зориулсан эмэгтэйчүүдийн хөлбөмбөг” төслийг Барселона хотод эхлүүлсэн нь 18-аас дээш насны эмэгтэйчүүдийг хөлбөмбөгөөр дамжуулан нийгэмд дасан зохицох үйл явцад нь дэмжлэг үзүүлснээрээ алдартай.
Мөн 2017-2023 оны хооронд Камерунд орон нутгийн CEFOSJEC байгууллагатай хамтран Yaounde хотын Etetack дүүрэгт эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан боловсрол, спортын төв байгуулах урт хугацааны төсөл хэрэгжүүлсэн. Уг төсөл нь эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийн хөлбөмбөгийн сургалтыг дэмжихээс гадна боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэдийн хувь нэмрээ оруулж эхэлжээ.
Энэчлэн A.E. Ramassa холбоо нь спортыг нийгмийн сайн сайхны төлөө, тэгш байдал, энх тайван, хүний хөгжилд чиглэсэн хэрэгсэл болгон ашиглаж, спортын болон чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтууд явуулдаг. Мөн боловсролын байгууллага, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран спорт ба нийгмийн өөрчлөлтийн талаар мэдлэг түгээн ажилладаг тул тэднийг дэлхийн өнцөг булан бүрд очиход нь талархалтай хүлээн авдаг болжээ.
Тэдний олон нийтийн хөтөлбөрт олгосон шагналууд
"RAMASSA" МОНГОЛД
ЗОЧЛОХ ХӨТӨЛБӨР
2025.04.12
2025.04.13
2025.04.14
Сэтгэгдэл ( 0 )