Motive, Нэгэн зүгт, Sync, Take off хамтлагийн хит дуу эгшиглэх "ALL IN HIT 2"

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

 

Нэгэн цагт охидын зүрхэнд шар ус хуруулж, хайрын дуунуудаараа уярааж явсан нэгэн үеийн хамтлаг болох Motive, Нэгэн зүгт, Sync, Take off хамтлагууд хамтран "ALL IN HIT 2" тоглолтоо зохион байгуулах гэж байна. 

Урьд өмнө нь хөвгүүдийн хамтлагууд ийнхүү нэгдэн, задгай талбайн томоохон хэмжээний шоу тоглолт зохион байгуулж байсан удаагүй. Энэ удаагийн тоглолтын ерөнхий продюсероор "HIT" продакшны захирал Халзаа буюу М.Даваасүрэн ажиллаж байгаа бол зохион байгуулагч, найруулагчаар жүжигчин Э.Цолмонбаяр ажиллаж байгаа аж. 

Монголын рок, поп ертөнцийн дунд үеийн төлөөлөл болсон эдгээр дөрвөн хамтлагийн түүх 2003 оноос эхэлнэ. Тухайн үед "Take Off" хамтлаг анхны уран бүтээлүүд болох "Цасан дээр", "Гүнж", "Уучлаач хайрт минь", "Мартахгүй", "Тэнгэр ээж", "Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал", " Урваагүй" зэрэг хит болсон дуунуудаа гаргаж байсан бол 2004 онд нэгэн зорилгоор нэгдсэн "Нэгэн зүгт" хамтлаг байгуулагдаж, өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө гайхуулж байв. 

"Нэгэн зүгт" хамтлагийн ахлагч Дуулга:

Энэхүү тоглолтыг санаачилсан хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Зургаадугаар сарын 7-нд хорь, арван тав, арваадхан жилийн өмнөх хит дуунууд эгшиглэсэн гайхалтай сайхан үдэш болох болно. Манай үеийнхэн цугласан супер үдэш байх болно гэдэгт итгэлтэй байна. 

 

2006 онд "Sync" хамтлаг байгуулагдаж мөн л хит болсон уран бүтээлүүдээрээ бэлэг барьж байсан билээ. 

"Sync" хамтлагийн гишүүн Амараа:

Манай хамтлагийн хувьд багагүй хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсан. Хамтлагийн гишүүн Энхүүш маань Европын холбооны улсад ажиллаж, амьдарч байгаа. Гэхдээ энэхүү тоглолтыг зориод ирнэ гэж бид найдаж байна. Бидний хувьд нэгэн цаг үед уран бүтээл туурвиж байсан. Хэдийгээр найзууд хэдий ч цагаахан өрсөлдөөн бас байдаг байсан. Харин энэ цаг үед бид нэгдээд тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. Энэ бол гайхалтай аз завшаан, дурсамж сэргээсэн сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. 

 

Эдгээр хамтлагуудаас хамгийн отгон нь болох "Мотив" хамтлаг 2008 онд байгуулагдаж байжээ. Анхны уран бүтээл болох "Уучлалт гуйхыг минь хүлээж байна уу?" дуугаараа жагсаалтуудыг тэргүүлж байсан тэд мөн уг тоглолтод оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. 

Тоглолт ирэх зургаадугаар сарын 7-нд Social Park-т зохион байгуулагдана. Тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарчээ. Тасалбарыг shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu