Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны шилдэг циркчид хуран чуулж, өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулдаг "Дэлхийн цирк-Монголд-2025" олон улсын шилдэг циркчдийн тоглолт өнөөдрөөс /2025.04.12/ эхлэн үзэгчдийн хүртээл болж байна.
Жил бүр сонин, содон циркийн үзүүлбэрийг авчирч, монголынхоо хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн талархлыг хүлээдэг "Дэлхийн цирк-2025"-ын продюсер Н.Эрдэнэ хэлэхдээ “Манай тоглолтод дандаа шилдэгүүд ирдэг. Энэ удаа дэлхийн номер нэг алиалагч, Итали улсын иргэн Дэвид Ларибле Монголд төдийгүй Ази тивд анх удаа ирж тоглож байна.
“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-тай долоо дахь жилдээ хамтран ажиллаж буй Дмитрий Чернов энэ удаа ч циркийн тоглолтын Ерөнхий найруулагчаар ажиллах болно.
Мото экстрим үзүүлбэрээ толилуулахаар Колумб улсаас мөн Жесон гэх тамирчин ирээд байна. Дэлхийд ердөө гуравхан байдаг есөн метрийн өндөрт унадаг дугуй унах үзүүлбэр үзүүлэхээр АНУ-ын тамирчин мөн анх удаа Монголд ирлээ.
“Дэлхийн цирк Монголд” тоглолын хамт олон өнгөрсөн онд 10 жилийн ойгоо хийсэн. Бид жил бүхэн цоо шинэ уран бүтээлч, жүжигчдийг урьдаг, хос манеж дээр шоу тоглолтоо үзүүлдэг гэдгээрээ онцлог. Энэ удаа Олон улсын уралдаан, тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан 15 орны тамирчин, жүжигчид үзүүлбэрээ толилуулахаар ирлээ. Тоглолт долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад тоглогдоно. Цирк өөрөө гэр бүлийн үзүүлбэр байдаг. Тийм учраас гэр бүлээрээ хамтдаа үзээсэй гэж бодож бямба, ням гарагуудыг сонголоо. Тоглолтод 240 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, та бүхэнд чанартай, чансаатай үзүүлбэрийг толилуулах болно.
Өмнө тоглосон нэг ч үзүүлбэр давтагдахгүй. Урьд өмнө нь Монголд ирж байгаагүй уран бүтээлчдийг бид жил бүхэн урьдаг. Тоглолт 2.40 цаг үргэлжилнэ. Мото шоу мөн онцлог байх болно. Өмнөх тоглолтыг үзсэн үзэгчид хамгийн их таалагдсан үзүүлбэр шүү” гэдгийг онцлов.
Дашрамд сонирхуулахад, "Дэлхийн цирк-2025" дөрөвдүгээр сарын 12-ноос тавдугаар сарын 11-ний өдрийн хооронд БЯМБА, НЯМ гараг бүрт "AIC STEPPE ARENA"-д зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )