Жюү жицүгийн “Condition Cup” тэмцээнд 614 тамирчин өрсөлдлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Монголын жюү жицүгийн холбоо 2007 онд үүсгэн байгуулагдаж, Монгол хүүхэд залуучууд, ард иргэдийн эрүүл, чийрэг амьдрах амьдралын хэв маягт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Бие хамгаалах технүүдийг эзэмшүүлж, хүний уян хатан байдлыг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлүүлдэг олон талт давуу талтай энэхүү спортыг ойлгож, дурлаж хичээллэх иргэдийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байна. Тэр хэрээрээ жил бүр хичээллэгч, тамирчдын дунд тэмцээн, уралдаанууд тогтмол зохион байгуулагдаж, компаниуд өөрсдийн нэрэмжит тэмцээнийг нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж, зохиох болсон. Үүний нэг жишээ болсон "Condition Cup 2025" жюү жицүгийн тэмцээн дөрөв дэх удаагаа амжилттай зохиогдлоо.

"Шинэсэгэ Мед" компаниас санаачлан МЖЖХ-той хамтран зохион байгуулдаг тус тэмцээнд хоёр улсын 53 байгууллагын 614 тамирчин өнгөрсөн амралтын өдрүүдэд өрсөлдлөө. эмцээний эхний өдөр өсвөр үеийн тамирчид ур чадвараа сорьсон бол ням гарагт залуучууд, насанд хүрэгчид мастерс ангилалын тэмцээн боллоо. Тэмцээн "Наран төв"-д үргэлжилсэн юм. 
 


Монгол Улсад жюү жицүгийн 60 гаруй клубүүд үйл ажиллагаа явуулж, аймаг дүүргүүдэд хичээллэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдснээр үүнийгээ дагаад тэмцээний өрсөлдөөн ч мөн жилээс, жилд ширүүссээр байгаа юм.

Бүсний ангилалгүй зохион байгууллагддаг учир Condition cup тэмцээний хувьд тамирчдын өөрийгөө аль зэрэгт яваагаа сорих бас нэгэн боломж болж өгдөг. Энэ жилийн тэмцээнд ч олон залуу тамирчид ур чадвар ахисан гэдгээ харуулж өөрөөсөө ах, эгч туршлагатай тамирчдыг уран мэх, техникүүдээр буулган авсан онцлох үйл явдлууд тохиолдсон юм.

"Condition Cup" тэмцээний багийн дүнгээр, медалийн чансаагаар АНУ-ын иргэн David Clahan-ий санаачлан 7 буудалд үүсгэн байгуулсан "Ральф Грэйси академи" тэргүүлж, удаах байрт "ОЮУ Толгой" компанийн "Гэрэлт" төслийн хүрээнд байгуулсан "Thunder BJJ" Академи, багийн дүнгээр 3-р байрт жюү жицүгийн Монголын ууган клуб болох "Гаруд академи" шалгарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu