ТЕАТР I “ТЭНГЭРИЙН ХҮҮ” Унгарын тайзнаа заларна

2025 оны 04 сарын 19

Монголын театрын урлагт томоохон хувь нэмэр оруулж байгаа зохиолч Б.Цогнэмэхийн бичсэн жин дарсан бүтээлүүдийг үзэгчид хэзээний андахгүй болжээ. Түүний 13 жилийн өмнө бичиж, Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглуулсан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын шинэчилсэн найруулгаар, өнгөрсөн оны аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болгосон нь олны таашаалд хүрсэн төдийгүй, улмаар гадаад оронд уригдан тоглогдохоор бэлтгэл ажилдаа оржээ.

2025 оны дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд тоглогдох “Тэнгэрийн хүү” жүжгийн тоглолт нь Унгар Улсад болох МИТЕМ буюу “Мадач” олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд оролцохын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлого ажгуу. Ингээд “Тэнгэрийн хүү” жүжгийн тухайд товчхон өгүүлье.

Жүжгийн гол санаа нь эх орон, газар шороо бол хайртай бүхнээс үнэтэй гэдгийг харуулж, Модун Шаньюйгийн эх оронч үзлийг сэтгэл сэмэртэл харуулсанд оршино. Тэр бээр нүдээ тас аньж, хэлээ хазаж байгаад хайртай бүхнээсээ татгалзаж, эцсээ хүртэл эвэр нумаа эрчилж, элгэн нутагтаа харийн дайсны хар сүүдрийг тусгуулахгүй гэж зорьж, зүтгэснийг гайхам сайхнаар харуулжээ. Тэр нь өнөөдрийг биш ирээдүйгээ бодсон холч ухаан байжээ. Тиймээс “Газар бол улсын үндэс. Газаргүй бол эх оронгүй. Эх оронгүй бол тусгаар тогтнол гэсэн ойлголт байхгүй” гэж эрс хэлж, газраа бусдад тавьж туусан, туухыг хичээсэн түшмэд, албадаа цөмийг нь цаазлах тушаал өгч байна. Ийнхүү Модун хааны ачаар өнөөдөр бид эх нутагтаа тааваараа амьдарч байгаа нь юутай сайхан гэхэв. Энэ жүжгийг үеийн үед, цагийн цагт дахин дахин тоглуулж, дахин дахин үзэж байхыг энэ цаг үеийн бусмаг явдал бэлхнээ харуулж байгаа нь үнэн юм.

Жүжгийн тухайд өөр олон сонирхолтой зүйлийг бичиж болох ч, гагцхүү үзэж байж, нэгийг бодож, хоёрыг тунгаахыг үзэгчиддээ уриалаад, харин юунд ч мохохгүй, эрэлхэг баатарлаг Модун Шаньюйгийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр чадварлаг бүтээж буйг тэмдэглэж байна. Харин гаднаа гэмгүй мэт боловч, атгаг санаатай Түмэн Шаньюйгийн бага хатан Шунхуйн дүрийг жүжигчин Г.Отгонцэцэг мөн л чадварлаг бүтээжээ. Мөн их хатан Могол хатны дүрд, Монгол Улсын Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Ж.Оюундарь сайхан тоглосон бол “Өндөр Түвшээ” нэрээрээ алдаршсан, мөн хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан М.Түвшинхүү Хүннү гүрний хаан Түмэн Шаньюйг тайзнаа маш сайхнаар амилуулж байна. Энэчлэн залуу жүжигчин Т.Хулан, А.Номин-Эрдэнэ, Ц.Цэлмэг нар болоод бусад дүрд тоглосон жүжигчид ч үнэхээр сэтгэл хөдлөм тоглосныг гагцхүү очиж үзэж байж л сэтгэлийн их цэнгэл эдлэх болно.

“Тэнгэрийн хүү” удахгүй гадаад оронд тоглогдох гэж буй нь юутай сайхан билээ.

Үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол орны өнцөг булан бүрт хийгээд Монголын хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхийн төлөө дэс дараатай томоохон ажлуудыг зохион байгуулж байгаа Монгол Цэргийн Нэгдсэн Холбооноос "Тэнгэрийн хүү" жүжигт ихээхэн ач холбогдол өгч буйг эцэст нь тодотгон тэмдэглэж байна.

Г.Баатарнум

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu