Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клуб болон БНСУ-ын "CHO" Спорт авиралтын төв хоорондын хамтын ажиллагааны дагуу зохиогдсон Спорт авиралтын сургалт, хамтарсан бэлтгэл гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж, Тонхилын хүүхдүүд хилийн чанадаас арвин туршлага судлаад иржээ.
Сөүл дэх “CHO” Спорт авиралтын төвд бэлтгэлээ базаасан “Сутайн бор” клубийн өсвөр, залуучуудын багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дасгалжуулагч багш нарын хамт Улсан хотноо болсон Спорт авиралтын 11 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.
“Сутайн бор” клубийн өсвөрийн тамирчид Олон улсын тавцанд анх удаа үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдсөн бол ОУХМ Н.Сэлэнгэ, Н.Селенж, Г.Хурхангал нар Бусанд Спорт авиралтын 2024 оны Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай.
"Улсанд энэ улсын газар газраас олон шилдэг тамирчид, багш дасгалжуулагч нар цугларчээ. Заримтай нь манай багийнхан оройн зоог барих завшаан тохиов. Манай багтай хамт дурсгалын зураг татуулсан эдгээр хүмүүс дотор бидний түнш, сайн танилууд ноён Ким, Чо багш нараас гадна ORUZA компанийн Гүйцэтгэх захирал Joon Heo, мөсөнд авиралтын зам тавигч, спорт авиралтын багш дасгалжуулагчид, спорт авиралтын Дэлхийн цомын АШТ-ий 3 алт, 2 мөнгө, дэлхийн АШТ-ий хүрэл медальт, Парисын олимпын оролцогч, Өмнөд Солонгосын алдарт тамирчин Lee Dohyun-ы аав, залуудаа Өмнөд Солонгосын Үндэсний шигшээ багийн тамирчин асан эрхмүүд, Боулдерингийн 2004 оны ДАШТ-ий мөнгөн медальт, өдгөө дасгалжуулагч багш гээд олон алдартай хүмүүс байна. Уулзаж танилцан мөсөнд авиралт болон спорт авиралтын талаар, мөн Ким, Чо багш нар Тонхил сумд зочилсон дурсамжаа сэргээн хуучлах маш сайхан байлаа. Манай өсвөрийн тамирчин нэг бүрийн талаар гаднын багш нар маш үнэтэй сайхан санал, зөвлөгөө өгч байна. Тэмцээнд оролцож байгаа БНСУ-ын өсвөрийн олон тамирчин хүүхдүүд намайг таньдаг болжээ. Ice climbing champion гэж хэлж ирээд, хамт зургаа татуулахад нь надад маш дотно санагдсан" хэмээн Н.Селенж бичжээ.
Харин "Сутайн бор" клубийг үүсгэн байгуулагч А.Батсүх "Дебют хийж буй спорт авиралтын өсвөрийн тамирчдадаа баяр хүргэе. Улсынд болсон Улсын спорт авиралтын аварга шалгаруулах XI удаагийн тэмцээний Урьдчилсан шат, Техник Lead төрөлд дебют хийсэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЕБС-ийн 4Б ангийн сурагч, ”Сутайн бор” клубийн тамирчин Э.Мандуухай, 5А ангийн сурагч, ”Сутайн бор” клубийн тамирчин Д.Мөнгөн, Хурд S болон Боулдеринг B төрөлд дебют хийсэн 8Б ангийн сурагч, ”Сутайн бор” клубийн тамирчин Г.Хурхангал нартаа халуун баяр хүргэе. Охидын ангилалд нийт 32 тамирчин өрсөлдсөнөөс Э.Мандуухай 29, Д.Мөнгөн 30 дугаар байр тус тус эзэлжээ.
Өсвөрийн тамирчдын Олон улсын гараа олон сайхан үйл явдлуудтай давхцаж байгаад билэгшээж байна.Тухайлбал, энэ өдрүүдэд Олон Улсын олимпын хорооны шийдвэрээр "Лос Анжелес-2028" зуны олимпын наадмаас эхлэн Спорт авиралтын Хурд S, Техник L, Боулдеринг B төрлүүд тус тусдаа медальт төрлүүд боллоо. БНСУ-ын Олимпын спорт авиралтын баг тамирчид бол "LA2028"-ын медалийн фоваритууд яах аргагүй мөн бөгөөд би бээр тус улсын шигшээ багийг анхны медальтнуудаа тосон авна хэмээн итгэдэг. Тэгвэл тэдний залуу халаа болсон багачуудтай хамт бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцох нь Монголын, Тонхилын өсвөрийнхөнд том завшаан төдийгүй нэр төрийн хэрэг болох буй за. Бэлтгэлийн өндөр ачаалал ажралгүй хичээн буй багтаа дахин талархал илэрхийлье" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байв.
Дашрамд сонирхуулахад, "Сутайн бор" клубийн тухай илүү их мэдээлэл авахыг хүсвэл "Бүх хүүхэд нь спортоор хичээллэдэг Тонхил сумын Тонхил технологи” нийтлэлийг уншиж, сонирхоорой.
Сэтгэгдэл ( 1 )
уул хаданд авирч сүйд болох яах вэ унаган нутагтаа мод тарьж элсний нүүдэлээ багасгаач. тэр чинь л хамгийн том хөдөлмөр байх болно.