Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн шигшээ цувралын эхний тоглолт болж, "Хасын хүлэгүүд" болон "Бишрэлт Металл" багууд учраа тааран тоглосон.
Өчигдөр (2025.04.21) болсон тоглолтын үеэр тоглогч Дэвон Скотт болон А.Азбаяр нарын хооронд үл ойлголцол үүсч, Дэвон Скотт А.Азбаярын толгой тус газарт цохисон.
Болсон явдалтай холбогдуулан өчигдөр "Бишрэлт Металл" багийн Удирдах зөвлөл хуралдаж, Дэвон Скоттийг хоёр тоглолт өнжөөх шийдвэр гаргасан байна.
Харин Үндэсний дээд лигийн Мэргэжлийн зөвлөл болон Лигийн ажлын хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, "Бишрэлт Металл" багийн легионер тамирчин Дэвон Скоттийг 2 сая төгрөгөөр, "Хасын хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаярыг 500 мянган төгрөгөөр тус тус торгох шийдвэр гаргажээ. Мөн Дэвон Скоттийн 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал холбооноос зохион байгуулсан аливаа арга хэмжээнд оролцох эрхийг хассан бол А.Азбаярыг нэг тоглолт өнжөөх шийдвэр танилцууллаа. .
А.Азбаярын хувьд толгой нь өвдөж, нүд нь харанхуйлах зовуурь илэрсэн хэвээр байгаа тул эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар эх сурвалж дурджээ.
Түүний гэмтлийн талаар Хүний их эмч Э.Өнөржаргал өөрийн үзэл бодлыг илэрхийлснийг энд хавсаргав.
Э.Өнөржаргал: Талбай дээр шууд хүний амь насанд ч хүрч мэдэх байлаа. Дагз руу ингэж хүчтэй цохиход тархинд цус харвах, тархины судсанд том цүлхэн үүсэх, тархи хүчтэй доргих, цаашид толгой архаг хууч байдлаар өвддөг болох олон эрсдэлтэй. Тиймээс тамирчид сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй. Талбай дээр шууд хүний амь насанд ч хүрч мэдэх байлаа.
Асар өндөр бэлтгэлтэй байдаг хүмүүс талбай дээр сайндаж, муудсан ч нэгнийхээ тархи толгой, дагзанд аль болох хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )