Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр "Хар сарнай" хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг хоёр удаа эзэлсэн Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр Эверестийн үндсэн отог дээр “Хар сарнай” хамтлагийн тугийг мандуулж, найзууддаа гэнэтийн бэлэг барилаа.

“Дэлхийн дээвэр Эверест уулын бэлээс амьд домог “Хар сарнай” хамтлагийн ахлагч,  тэнгэрлэг анд Амраадаа 35 жилийн ойн мэнд. Тавдугаар сарын 24 нд болох “Golden Hit” тоглолтод нь амжилт хүсье. Г.Өсөхбаяр...”

Хамтлагийнх нь 35 жилийн ойг Эверестийн энгэрт алдаршуулсан энэ мэндчилгээ туг, далбаа бэлтгэж, аялалд гарсныг нь огт мэдээгүй байсан “Хар сарнай”-гийн Амраа, Маадай хоёрт болон хамтлагийн фэнүүдэд үнэхээр гэнэтийн сюрприз болж чаджээ.

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин С.Амармандах, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нар олон жилийн нөхөрлөлийг бүтээж яваа андууд. Нэг нь нөгөөдөө өөрийн хүч, сэтгэл, зүрхээр тусалж, нөхөрлөлийг бүтээдгийн жишээ энэ биз ээ.
 


Уулчин Г.Өсөхбаяр энэ өдрүүдэд Непалыг зорьж, Кайлашийн гороо, Эверест уулын үндсэн отог хүрэх аяллыг ахлан яваа. Дэлхийн дээд Эверест, ариул уул Кайлаш, Кала Патар (5644 м), Лобуче (6119 м) оргил, Катманду хотоор уулчидтай аялсан “Хар сарнай” хамтлагийн туг Эверестийн үндсэн отогт намиран, мандсан нь магадгүй Монголын төдийгүй дэлхийн хамтлаг, дуучдын хамгийн анхны тохиолдол байх.

“Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойн “Golden Hits” тоглолт 2025.05.24-нд Socialpay park (Хуучнаар Hit Park)-т болох ба тоглолтын тасалбар хэдийн худалдаанд гарсныг дуулгая.

1992 онд байгуулагдаж, Монголд анх удаа реп техно урсгалаар уран бүтээл туурвиж эхэлсэн “Хар сарнай” хамтлаг 1996 онд "Бүтээнэ сөнөөнө" анхны цомгоо гаргаж байжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu