"Олимпийг эзэгнэгч"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 26

Чөлөөт бөхийн дүн баримт, статистик сонирхогчдод энэ мэдээ сонирхолтой санагдах биз ээ.

Олимпийн наадмын зөвхөн эрэгтэй чөлөөт бөхөөр дагнасан "Олимпийг эзэгнэгч" нэртэй номыг ОХУ-ын Якутын сэтгүүлч Петр Павлов эрхлэн гаргажээ. Энэ нь шинэчилж сайжруулсан, нэмэлт бүхий дөрөвдэх хэвлэл юм.

Өмнө нь 2011, 2014, 2016 онд хэвлэгдсэн бөгөөд уншигчид, мэргэжилтнүүдийн сонирхлыг ихэд татаж, санал хүсэлтээ илэрхийлж, эрэлттэй номын нэгэнд тооцогдох болсон байна. Энэхүү гайхамшигт спортыг сонирхогчид чөлөөт бөхийн алдарт аваргууд болон тэдний олимпийн дэвжээнд үзүүлсэн амжилтын талаар уншиж танилцах боломжтой.
 

Товчхондоо 1904 оноос хойшхи чөлөөт бөхийн бүх олимпийн аваргуудын нэр, намтар түүхийг багтаасан бөгөөд эдгээр нь 26 орноос 182 алтан медаль хүртсэн бөхчүүд юм. Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Александр Иваницкий номын талаар “Олимпийг эзэгнэгч” ном бол зөвхөн чөлөөт бөхөд дурлагчийн л хийж чадах нөр их судалгааны үр дүн юм” хэмээн өгүүлсэн байна. Саяхан Якутскт болсон олон улсын тэмцээний үеэр эрхэм сэтгүүлч Петр Павлов Монголын баг тамирчидтай уулзаж, номынхоо дээжээс гардуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu