"Инээмсэглэл" хамтлагийн домог Б.Долгион бурхан болсон өглөө. “Жинхэнэ хотын хүн гэдэг хэнсэн билээ” гэсэн асуултыг бидний өмнө тавиад харвасан од.
Хүзүүндээ зүүсэн ганган ороолт, эсвэл эрвээхэй зангиа, түүнтэй өнгө хоршуулан энгэрийн халааснаасаа донжтой нь аргагүй цухуйлгасан торгон алчуурын үзүүр. Унаган Улаанбаатарын стиляга. “Ээс залуу” хэмээн товчоор хэлэгддэг асан, “Хотын хүний эталон” буюу жишиг болсон тэр эрхэмсэг загварлаг эрхмүүдийн нэг.
Аль ч улс оронд “Хотын хүн” гэх хиймэлгүй хээнцэр донж, өндөр боловсрол, өргөн хүрээтэй мэдлэг, их багын ялгалгүй харилцах эелдэг намба, эхлээд харахад сүрдмээр ч элгэн цаанаа эерүү хандлага, цэгц алхаа, цэмцгэр суулт, эргэн тойрондоо илч гэрэл цацруулагч, соёл түгээгч сэхээтэнлэг, язгуурлаг бүлэг байдаг. Парисын хүн, Ромын хүн, Петербургийн хүн /Москвагийн биш/, Шанхай хүн /Бээжингийн биш/, цаанаа л нэг өөр. Түүн шиг Улаанбаатар ч ялгаагүй, дээхнэ үед Хүрээ хүн, сүүлд хотын хүн гэх тодотгол бүхий түүндээ яв цав тохирсон элитүүд байв.
“Азийн цагаан дагина” гэсэн алдрыг гаднынхан 1970-аад онд Улаанбаатарт өгөхдөө тэр л эрхэмсэг дэгжин хийгээд боловсрол, соёлтой иргэд, “Хуучирсан” гэх нэрээр өнөөдөр устгаад бараглаж буй уран чамин, үндэсний хэв шинж шингээсэн шигтгээ шийдэлтэй барилгууд, цэвэр цэмцгэр гудамж талбай, цэнгэг агаар, цэлмэг тэнгэр, ургамал мод жигдэрсэн Хан дөрвөн уул, халгин урсах хатан Туул, Сэлбэ, Дунд голд нь хүртээсэн юм шүү дээ.
Гэтэл одоо... Унаган хотын гэх өнгө донжтой, соёлтой хүн цөөрсөөр. Улаанбаатар олон өндөр байшинтай хөдөө болсоор ... Утаа униар, хог тоосондоо дарагдсаар. Уйтгартай.
Сэтгэгдэл ( 1 )
Улаанбаатарын унаган иргэд цөөрсөөр байгаа нь үнэн шүү. Энэ хотын дарга хийж байгаа Нямбаатар ингэхэд хөдөөний орк уу хотын унаган гэр бүлээс гаралтай юу, тодруулмаар .