Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар аймгийн арслан Ц.Одбаяр улсын харцага Л.Пүрэвжаваар, аймгийн арслан Б.Сумъяа улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж тус тус улсын начин цолны болзол хангасан билээ. Шинэхэн начингууд төрсөн нутаг болох Өмнөговь аймгийнхаа 80 жилийн ойн баяр наадамд зодоглосон юм. Энэ сарын 22-23-нд болсон Өмнөговь аймгийн 80 жилийн ойн наадамд тэднийг зодоглоход наадамчин олон баяртай байсан бөгөөд шинэ начингуудыг наадмын үзүүр, түрүү булаалдана гэж найдаж байсан. Наадмын үеэр буюу дөрвийн даваа эхлэхээс өмнө улсын начин Ц.Одбаяртай ярилцсан юм.
-Сайхан наадаж байна уу та?
-Сайхаан. Баяр наадам сайхан болж байна. энэ жил манай баяр наадамд олон хүчит бөхчүүд зодоглож байна.
-Улсын наадамд тав давж улсын начин цол хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Начин цол авсандаа сайхан байна. Өмнөговьчуудынхаа итгэлийг дааж цол авсандаа баяртай байгаа. Дараа жил цолоо ахиулж барилдахын төлөө эртнээс хичээж байна.
-Энэ жил хэний галд, хаана гарсан бэ?
-Энэ жил Баянхонгор аймгийн галтай манай Өмнөговь аймгийн гал цуг айлсаж гарсан.
-Өөрөө хэн багшийн шавь билээ?
-Бусдын адил багаасаа ноцолдож байлаа. 10 жилээсээ бөхөөр хичээллэж эхэлсэн. Миний анхны багш Өлзийбүрэн гэж чөлөөт бөхийн дасгалжуулагч байдаг юм.
-10 жилдээ чөлөөтөөр барилддаг байжээ?
-Тиймээ. Гэхдээ нэг их сүрхий амжилт үзүүлж чадаагүй ээ.
-Гаргасан амжилт?
-Аймгийн аварга болж байсан.
-Зодог шуудагныхаа талаар ярихгүй юу?
-Бөхчүүдийн ихэнх нь Бөхийн өргөөнд зодог шуудгаа хийлгэдэг шүү дээ. Тэр жишгээр л Бөхийн өргөөнд захиалан хийлгэсэн.
-Бөхийн удамтай юу?
-Удамд бөх бий. Монгол улсын харцага Очирын Пүрэв гэж манай ээжийн нагац ах байдаг юм.
-Морь уядаг уу?
-Морь сонирхдог. Гэхдээ уядаггүй.
Бидний ярилцлага ийнхүү эхэлж байхад дөрвийн даваа эхэлсэн бөгөөд улсын начин зүлэг ногоон дэвжээнээ гарсан юм.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Nachin mini hurdan edgeerei