1975 оны зургаадугаар сарын 28-нд Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балет анх удаа тоглогдсон нь Монголын сонгодог урлагийн түүхэнд онцгой үйл явдал болсон юм. Уг бүтээлийг нэрт удирдаач Төрийн шагалт, Ардын жүжигчин Ж.Чулуун, балетмейстер Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр, Монгол Улсын ардын зураач Ч.Гунгаасүхын тайзаар амилуулсан байна.
Энэхүү тоглолтын гол дүрүүдийг Ардын жүжигчин Ю.Оюун /Одетта, Одиллия/, Гавьяат жүжигчин Э.Оюунбат /Ханхүү Зигфрид/, Гавьяат жүжигчин Н.Баатар /Ротбарт/, Ардын жүжигчин О.Ганбаатар /Алиа салбадай/ нар бүтээжээ.
"Хунт нуур"-ын 50 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Буриадын театрын 60 уран бүтээлчтэй хамтран зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 32 ХУНТАЙГААР үзэгчдийн хүртээл болгохоор Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид бэлтгэл ажилдаа ороод байна.
Тасалбарыг тавдугаар сарын 05-наас худалдаалж эхэлнэ.
Тоглолтын хуваарь
Сэтгэгдэл ( 0 )