“Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” ном уншигчдад очлоо

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06

 

Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” номууд уншигчдын гар дээр очлоо.

Номын нээлтийн ёслолд номын редактор, уран бүтээлчдээс гадна Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын төлөөлөл, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд А.Н.Евсиков,  ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин болон Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй, нэрт орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва тэргүүтэй  Монголын утга зохиолын шилдгүүд, соёл урлаг, хэвлэл мэдээллийнхэн, ОХУ-ын ЭСЯ болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Оросын байгууллагуудын төлөөлөл оролцов. 

Хэдхэн хоногийн дараа тэмдэглэх ялалтын 80 жилийн ойг угтан Монгол Улс, ОХУ-д түүхэн үйл явдлын үнэ цэнийг эргэн дурсаж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн өвөг дээдсийн гавьяаг мөнхжүүлэх олон ажил зохион байгуулж буй юм. Тэдгээрийн нэг нь  энэхүү номын баяр боллоо.  “Дайны баатрууд” номд тухайн үед Монголд ажиллаж, амьдарч байгаад Улаанбаатар, Хиагт, Зүүнхараа, Сэлэнгээс Аугаа Эх орны дайнд  мордсон ОХУ-ын баатарлаг эр цэргүүдийн түүх намтрыг бичиж оруулсан байна. Асар их судалгаа, эрэл хайгуул, хөдөлмөр шингэсэн уг номын редактороор Монголд ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэн  Марина Таракановская ажиллажээ. Тэрбээр “Энэ номыг бүтээхэд амар байгаагүй. Номд түүх намтар нь орсон хүмүүсийн заримыг би танина. Заримынх нь үр хүүхдүүдийг сайн мэднэ. Архивын түүхээс амь үрэгдэгсдийн жагсаалтыг үзэхэд нэг гэр бүлээс долоон хүн, таван хүн, зарим нь гурвуул, ах дүү хоёул нэг газар тулалдаанд амиа алдсан мэдээг хараад сэтгэл маш их өвдөж байлаа. тэдний ар гэртээ бичсэн захидлуудыг уншихад өр өвдөм байсан” гэсэн юм.

Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-Их ялалт” номыг Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хүндэт профессор, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны элч Ц.Саранцацралын санаачилгаар “Бадрангуй урлаг” төрийн бус байгууллага, “Улаанбаатарын сонин”-ы редакцийн баг бүтээжээ. Тус номонд  61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон оруулсан байна.  

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu