XIX зууны Монголын бодит амьдралыг харуулах "Ламбугайн нулимс" дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд Монголын театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм.
Тодруулбал, “Ламбугайн нулимс” дуурь нь Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн "Ламбугайн нулимс" өгүүллэгээс сэдэвлэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн цомнолыг нь бичиж бүтээгдсэн Төрийн шагналт Халтарын Билэгжаргалын алдартай дууриудын нэг билээ.
"Ламбугайн нулимс" дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх удирдан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрхуягийн тайзаар амилсан байна.
Энэ жил УДБЭТ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Цогтхүүгийн Тэлмүүн-Очир удирдахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ...
Би чамд хайртай
Одоо би хаана очих вэ?
Өөр хүнтэй ханилах хамаагүй
Гагцхүү намайг бүү орхи...
Соёлын тэргүүний ажилтан Э.Отгонбат Лодонгийн дүрд эхний өдөр гарна...
Тавдугаар сарын 17, 18-нд 17:00 цагаас дуурийн тасалбарыг Билетийн касс болон https://www.ticket.mn/event/2553 сайтаас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )