“Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай зуурдаар таалал төгсөж, Монголын хөгжмийн урлагт хүнд гарз тохиолоо. Монголын ард түмний, монгол хүн бүрийн хайрлан, хүндэтгэж ирсэн авьяаслаг уран бүтээлчид зориулсан хүндэтгэл, харуусалт эмгэнэлийн үгсээр түүнийг бид эцсийн замд нь үдэж байна.
Харанга дэлдсэн эмгэнэлийн цуурай
Энэхэн яруу орчлонд чи бидний манлайлагч болж, чи бидний гэрэл гэгээ болж, чи бидний урам зориг болж, чи бидний инээд баясал болж, чи бидний айзам эгшиг болж, чи бидний чин зүрхний жинхэнэ нөхөр болж "Харанга" хэмээх хард рокын нүргээнт тайзнаа хүмүүний гучин таван жилийг хамтдаа үджээ.
Харин эдүгээ чи минь бидний дуртгал санамж болж, чи бидний сонордох эгшиг болж, чи бидний зүүдэндээ л харах дүр болж, чи бидний дуу шүлэг, хөгжмийн хэмнэл болж, чи бидний ирээдүйн ерөөл болж одлоо.
"Харанга" хамтлагийн нөхөд чинь харамсал гашуудлаа үгээр илэрхийлж үл чадмуй. Эмгэнэсэн сэтгэлд чи минь гитараа барин инээмсэглэн зогсох дүр зураг үзүүлж, бидэнтэйгээ сэтгэл зүрхээрээ үргэлжид хамт байгаагаа илэрхийлнэ. Чиний дуу хоолой, чиний их цуурайтуулагч чавхдаст гитарын аялгуу домог болж Харангын их нүргээн дунд энхэр Монголдоо, эх дэлхийдээ үлдэнэ.
Чинийхээ хийж амжаагүй үйлс бүхнийг тань бид хийж бүтээх болно оо!
Бид үргэлж хамтдаа...
Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг. 2025 он
* * *
Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн
Миний найзууд наддаа юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа
Энэ насандаа Харангын Манлай байлаа
Ирэх насандаа ч Харангын Манлай байгаарай
Харангын Лхагва
* * *
Гавьяат жүжигчин Т.Ариунаа
-Монгол дууг дуулахад үгийг яаж аялгуу дуундаа урлаж дуулахыг зааж өгсөн багш минь хамгаас эрхэм ах минь. Та минь аялан тоглолтоор явахаас өмнө хэлэхдээ 2 лаа “Амласан Хайр” дуугаа дахиж бичүүлнэ ээ. Хөгжим найруулга бэлэн болсон удахгүй бичлэгтээ орно оо гэж хэлж байсан. Итгэж чадахгүй нь ээ….. Амласан Хайр, Чимээгүй шөнө жүжгийн дуу, Чи би дуунуудыг минь зохиож өгсөн билээ та минь.Монголын рок, поп урлагийн хөгжил цэцэглэлтэд, тод мөрөө үлдээсэн сор болсон билэг авьяаст , ”Харанга “хамтлагийн ахлагч гоцлол гитарчин бас дуучин монгол түмний домогт хамтлагийн сор нь байсан. Биe нь үгүй болсон ч бүтээл нь мөнхөрдөг их урлагт үнэнч байж, түүх бүтээлцсэнийг тань бид мартахгүй. Тэр бол домог. Гэр бүл болон төрөл төрөгсөд хайртай дотны бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
* * *
Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат:
-Гитарчдад тэр алтан гадас байлаа. Дуучдад тэр гэгээн багш байлаа. Харангад тэр сүр нь байлаа.Хамаг олонд тэр аялгуу байлаа. Дүрэлзсэн он жилүүдээ тайзанд мөнхөллөө.Дуусашгүй хөгжим дууг дундаршгүй хайртай хамт үлдээлээ.Хуурын чавхдасыг гитартаа магтаж, хоёрын учралыг хоолойгоороо бүүвэйлсэн, үнэнчийн цусан тангарагтаа үлгэр мэт амьдарсан Та минь урлагийн тэнгэртээ суу болон мөнхлөгдөнө!
* * *
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл Б.Ганчимэг:
Харангын Манлай
Тэр ерөөсөө сүгсэлздэг хүн байгаагүй. Дотоод аялгуу, дотоод эрчим хүч, дотоод ертөнц нь эргэлдэн дүүрч халихаараа гадагшаа дуу болон сад тавьж… биднийг гайхамшигт увидсаар ороон авч, бие сэтгэл рүү минь нэвчин орж ирдэг байсан.
Түүнтэй орцны дуу сэдвээр хэсэгхээн хөөрөлдөж билээ….
Тэр надад :“Орцны дуунууд бидний үеийнхний өсвөр насны амьдралын тэрхэн үеийн уйтгар гуниг, хүсэл мөрөөдөл, хайрын шаналанг хуваалцаж… бараг тэр чигээрээ сэтгэл зүрхийг эзэмдэж, тэр чигээрээ амьдрал минь болж байсан үе бий. Гуниглаад дуулна. Асаж бадраад дуулна. Тэр чинь тухайн насандаа, тухайн цаг үедээ аймаар том орон зай нь байхгүй юу.
Би одоо ч хааяа цаг гаргаж орцны дуу дуулдаг. Тэр цаг үеийнхээ дуу хөгжмөөс том үе гэж хүнд байдаггүй юм. Тэгэхээр Манлайд орцны дуу хөгжмөөс том өсвөр нас гэж байгаагүй гэсэн үг…
Ганчимэг ээ, охид арай өөр байдаг байх л даа. Миний хувьд энэ л юм… “ гээд дулаахан инээмсэглэж байсан нь санагдана.
Нулимс дотогшоо залгигдаад ямар хүнд юм бэ... Хоёулаа нэг л сайн тухтай сууна даа… гэж надад амласан. Гэвч амжсангүй… Ер нь …ингээд бодож суухад
Хүмүүс болж өгвөл бие биедээ цаг гаргаж байх ёстой юм байна. Уулзаагүй удсан, хөндийрч зэнзийрхсэн, нэг л тохироо бүрэлдэхгүй хойшлуулаад яваад байх …гээд нүүр тулдаггүй үеүд байдаг. Тэгсэн ч уулзаад ярих хэрэгтэй.
Эвдрэлцсэн, үл ойлголцсон, таних танихгүйгээс үл хамааран буруу зөрүү ойлголцсон үед ч уулзаад тулаад ярьж байх нь чухал… Уулзаад ярих нь өөрөө сайхан зүйл…
* * *
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат:
Манлай ахдаа
Тийм ээ, та Амьдрал-д хайртай байсан
Харанга-даа бүр их хайртай байсан
Сэтгэл зангирч бодол асгартал хөгжимддөг байсан
Дуулсан бүхэн чинь үнэн байсаан ах минь
Харангын 35 жилийн ойн стадионы тоглолтын тайзан дээр хамт тоглоё Оогий Пүүжээ Чука Лхагваатайгаа нэгэн түүхийг бүтээе гэж итгэл хайр сэтгэлээрээ дүүгээ урьж, хамт тоглосон тоглолт маань хамгийн сүүлийнх байна гэж яаж мэдэх вэ дээ.
Харангыг сонсож биширч хайрлаж өссөн надад тэр тоглолтууд зүүд мэт байсаан мөн асар том нэр хүндийн хэрэг байлаа.
Арван хэдхэн настай миний охин асгартлаа харамсан уйлж байна. Намайг дагаад Харангын ганцхан тоглолтод очиж Манлай ахын тоглож дуулахыг харж зүрх сэтгэлийг нь эзэмдсэнийг сая л мэдлээ. Та ийм л гайхамшигтай хүн байсан.
Гэр бүл, төрөл төрөгсөд, Харангачууддаа харамсал гүн эмгэнэлээ илэрхийлье. Хайрт ах минь таныгаа санан дурсаж явна аа
Дуу бидэн 2 холын холд байвч
Дуулим талынхаа цэцгэн дунд цэнгэнэ
Бодол хоргоож зүүдэнд зэрэглээтсэн
Ай миний төрсөн нутаг аа
Энэ л миний төгсөх газар аа
* * *
Сэтгэгдэл ( 4 )
Сайн төрлийг түргэн олоорой оо ... !
Харангын ноён нуруу гол багана хийх юмаа хийсэн шиг хийдэг эгэл даруухан ёстой л худал сүгсэлздэггүй хүн байжээ.
маа дэргэдэх соёмбо чуулгаас эхлэн мэдэх юм
маа дэргэдэх соёмбо чуулгаас эхлэн мэдэх юм