Мега төсөл хэрэгжүүлэхэд авлигаас сэргийлэх арга зүйн зөвлөгөө өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 05 сарын 11

Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлын төсөв, санхүү, зарцуулалт, гүйцэтгэлийг ил тод болгохтой холбоотой асуудлаар уулзалт зохион байгуулж, мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөв.   

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Балчинлувсан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Баясгалан, төслийн нэгдсэн удирдлага, мониторингийн хэлтсийн дарга Л.Бат-Эрдэнэ, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Билгүүннаран, Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбат, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Золжаргал, Н.Батчулуун нар оролцож, Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн явцыг ярилцаж, төслүүдийг төлөвлөсөн цаг хугацаанд төсөвт өртөгт багтаан чанартай гүйцэтгэхэд анхаарах, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээллээр хангар ажиллах талаар заавар зөвлөгөө өгөв.

Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгах” гэж заасныг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөлөө.

iaac

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.212.162.109) 2025 оны 05 сарын 12

хурал цуглаан хангалттай боллоо шүү дээ. Метрогоо хурдан эхэлмээр байх юм даа. Хурал цуглаан сонгуулиа өөр шугамаар хийгээд гол ажлуудаа эхэлмээр дээ. Зуны сар зургаа биш мөдхөн өвөл эхэлнэ шүү...

0  |  0
Close menu