Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Ялалтын вальс” өдөрлөгийг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухааны соёлын төв-РЦНК-аас тавдугаар сарын 10-ны бямба гарагт зохион байгууллаа.
Эх орны дайны сэдэвт кинонуудыг Задгай театрт үзэх, “Бид санаж байна, Бид бахархаж байна” эх орны сэдэвт дуу шүлгийн уралдаан, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчдийн тоглосон “Ялалтын тавдугаар сарын аялгуу”, “Монгол кино” кино компаниас зохион байгуулсан дайны үеийн автомашины үзэсгэлэн, ялалтын сэдвээр хүүхдүүдийн зурсан гар зураг, Монгол, Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөөний нээлт зэрэг үйл ажиллагаа болж, цэргийн хээрийн гал тогооны хоолыг амтлах боломж энэ үеэр гарсан юм. Мөн орой нь ёслолын буудлага болов.
ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, РЦНК-Оросын шинжлэх ухааны соёлын төвийн захирал Валерия Валерьевна Кильпякова энэ үеэр хэлэхдээ "Юуны түрүүнд монголчууддаа Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол Улс 1941 онд дайн эхэлсэн цагаас ялалт хүртэл дөрвөн жилийн хугацаанд зөвлөлтийн дайчдад тусламжийн гараа сунгаж байлаа. Ялалт ирэхэд ард иргэд дуулж, бүжиглэн, салют буудуулж баяраа тэмдэглэж байсан. Яг тэр мэдрэмжийг ирсэн зочдодоо мэдрүүлэхийг эрмэлзлээ. Энэ өдөрлөгт Буриад Улсын театрын “Воля” хамтлаг хүрэлцэн ирж тоглолтоо хийлээ. Мөн Про театрынхан “Маргааш дайн байсан” мини жүжгийг тависан. Мөн тэр үед мөр зэрэгцэн тулалдаж явсан оросын дайчид болон Москва, Санкт-Петербург, Киев зэрэг хотод суралцаж байхдаа дайнд оролцсон монгол дайчдад зориулсан “Журавли” буюу “Тогоруу” хөшөөг нээлээ. Мөн амь насаа зольж энх тайвныг тогтоосон ахмад дайчдад зориулсан дурсгалын галыг асаалаа” гэв.
Мөн энэ өдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор болон “Хувьсгалт Монгол” танкийн хөшөө, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийн хөшөө, ЗХУ-ын маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар Георгий Константинович Жуковын хөшөөнд тус тус цэцэг өргөж, Офицеруудын ордноос Г.К.Жуковын нэрэмжит талбай хүртэл “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал боллоо.
Д.Оюун
Сэтгэгдэл ( 0 )