ОУЖБ-ийн холбооны ерөнхийлөгчөөр Мариус Визер улиран сонгогдов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

Өнөөдөр буюу Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны конгресс зохион байгуулагдав.

IJF-ын гишүүн 180 гаруй орны төлөөлөл оролцсон нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын дэмжлэгээр ноён Мариус Визерийг ирэх дөрвөн жилд Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаар улиран сонгогдлоо.

Мөн тус хурлаар 2026, 2027, 2028 онд ДАШТ зохион байгуулах улсуудыг танилцуулсан ба “2028 оны Лос Анжелес”-ын олимпын жилд зохиогдох ДАШТ-ийг Бахрейн улсад зохион байгуулахаар хэлэлцээрийн түвшинд явж байна.
 


Мөн тамирчдын дэлхийн чансааг тооцох, олимпын чансааг тооцоолох журмыг танилцуулав. ОУЖБХолбоонд 177 улсын 10 291 тамирчин чансааны оноотой яваа бөгөөд үүнээс 372 тамирчинд Лос Анжелесын олимпын оноо олгогдох ажээ.

Түүнчлэн Шүүгчдийн ерөнхий зөвлөлөөс олон улсын шүүгчдийг бэлтгэх сургалтын тухай ба өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт тайлангаа танилцуулав. Тив тус бүр мөн адил өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт, тайлангуудаа хэлэлцэв. 

ОУЖБХолбооны чухал хэсэг болох Санхүүгийн хэлтэс ажлын тайлангаа илтгэсэн бөгөөд дэлхий даяар жүдо бөхийг хөгжүүлэх, дасгалжуулагч, тамирчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдуулах, жүдо сул хөгжсөн орнуудад дэвжээ байгуулахад туслалцаа үзүүлэх гэх мэт ажлуудыг идэвхитэй зохион байгуулж тив тус бүрийн нэгдсэн холбоодууд ба улс орнуудын холбоодтой нягт харилцаатай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү өндөр түвшний уулзалтад Монгол улсыг төлөөлөн Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Үндэсний шигшээ багийн менежер Г.Болор нар оролцлоо.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu