Алдарт дасгалжуулагч Казухито Сакае Монголын шигшээ багийн дасгалжуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд "Аваргуудын багш" нэрээр алдаршсан Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакае Үндэсний шигшээ багт зөвлөхөөр ажиллах болсныг Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс дөнгөж сая зарлалаа. 

Казухито Сакае бол Зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, Дэлхийн аваргын 30 гаруй алтан медальтныг төрүүлж, Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм.

Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд урилгаар Казухито Сакаег 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьсныг найрсгаар хүлээн авч, тус хугацаанд үндэсний шигшээ багийн “ЗӨВЛӨХ” дасгалжуулагчаар ажиллах болсныг чөлөөт бөх сонирхогчид та бүхэндээ дуулгахад таатай байна.

Өнөөдөр түүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар, Дэд ерөнхийлөгч С.Балжинням нар Удирдах зөвлөлийн гишүүд, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч, түүхэн гэрээг үзэглэжээ. 

Дэлхийн спортын түүхэнд, тэр дундаа бөхийн спортын түүхэнд Олимпын наадмын 3 удаагийн аварга, ДАШТ-ий 13 удаагийн аварга Саори Ёшида, Олимпын 4, ДАШТ-ний 10 удаагийн аварга Каори Ичо нарын амьд домгуудыг мэдэхгүй, сонсоогүй хүн ховорхон л болов уу? Тэгвэл энэхүү олимп, дэлхийн түүхэнд дахин давтагдашгүй, ховорхон амжилтын эздийг их алдрын замналд хөтөлсөн эрхэм бол Японы чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Казухито Сакае юм.

Алдарт дасгалжуулагч Казухито Сакае 1960 оны 6 сарын 10-нд Японы Рюкю арлуудын Амами арлын Кагошима хотноо мэндэлжээ.

К.Сакае тамирчин ахуйдаа Монгол Улсын Гавьяат, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт А.Энхээтэй нэг жин болох 62 кг-д өрсөлддөг байсан. Тэрээр Сөүлийн олимпийн наадамд таарч барилдахад Гавьяат тамирчин А.Энхээ ялалт байгуулж, хагас шигшээд шалгарсан байдаг.

К.Сакае нь тамирчны хувиар олимпын наадамд өндөр амжилт үзүүлээгүй ч дэлхийн аваргаас хүрэл, Азийн наадмаас мөнгө, ААШТ-ээс хошой алтан медаль хүртэж байжээ.

Хожмоо К.Сакае дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн хүрч чадаагүй оргилдоо олон шавь нараа хөтөлсөн байдаг. Түүний шавь нараас дурьдвал Олимпын 4 алт, Дэлхийн 10 алтан медальт К.Ичо, Олимпын 3 алт, 1 мөнгө, Дэлхийн 13 алтан медальт С.Ёшида, Олимпын 1 алт, Дэлхийн 8 алтан медальт Хитоми Обара, Олимпын 1 алт, Дэлхийн 3 алт, 1 мөнгөтэй Эри Тосака, Олимпын алт, Дэлхийн 3 алт, 1 мөнгөн медальт Рисако Кавай, Олимпын хошой мөнгө, 3 алтан медальт Чихаро Ичо (Каори Ичогийн эгч) нарыг нэрлэнэ. 

Тамирчны замналаар ердөө зургаан жилийг өнгөрүүлсэн ч хожим олон шилдэг тамирчдыг бэлтгэсэн “Аваргуудын дасгалжуулагч” гэдгээрээ тэр бөхийн ертөнцөд алдаршсан билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 24

МЧБХ гээч газар өөрөө учираа олж, дотоод зөрчил, тэмцэлээ шийдэж, менежментээ сайжруулахгүй бол хичнээн мундаг гадаад дасгалжуулагч авч ирээд нэмэргүй дээ, гол нь дотроосоо өтчихсөн толгойндоо л байгаа ш дээ

0  |  0
Бодит байдал(14.1.81.117) 2025 оны 07 сарын 23

Манайхан энэ алдартай дасгалжуулагчаас их зүйл сураарай,ялангуяа залуу дасгалжуулагчид.Ийм сайхан боломж тэр бүр олдохгүй.

0  |  0
Close menu