ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Сингапур улсад зохион байгуулагдсан усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцсон тамирчдын төлөөлөл болон Румын улсад наймдугаар сарын 19-24-нд болох Залуучуудын ДАШТ-д оролцох залуу тамирчдыг "Олимпик хаус"-т хүлээн авч уулзан, спортын амжилт хүслээ.
Уулзалтад Монголын усан спорт сонирхогчдын холбоо /МУССХ/-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Р.Бадрах, Дэд Ерөнхийлөгч Ж.Энхтөр, ЕНБД С.Энхбаатар, МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон эцэг эхийн төлөөлөл оролцов.

МУССХ-ны зүгээс “Хэдийгээр тогтмол бэлтгэл хангах нөхцөл бололцоо муу байгаа хэдий ч тамирчид маань хичээж, үр дүнд нь амжилт ахиж байна. Саяхан Сингапур улсад зохиогдсон ДАШТ-нд манай 3 тамирчин B цагийн болзлыг хангаж оролцсоноос гадна 50м болон 100м -ийн араар даллах сэлэлтийн төрөлд Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон” хэмээн мэдээлэл хийж, цаашид усан спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, шигшээ баг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
МҮОХ-ноос “Сингапур 2025”ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, мөнгөн шагнал гардуулснаас гадна цаашид МҮОХ-ноос МУССХ-той нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд, Залуучуудын ДАШТ, “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа.



Сэтгэгдэл ( 0 )