Орос, Монголын хамтарсан ардын зэмсгийн чуулга анхны тоглолтоо Санкт-Петербургт хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 14

САНКТ-ПЕТЕРБУРГ хот, 8-р сарын 12. /ТАСС/

ОХУ-ын Санкт-Петербург хотын Николай Римский-Корсаковын нэрэмжит консерваторын Их танхимд 2025 оны наймдугаар сарын 12-нд Орос, Монголын ардын зэмсгийн найрал хөгжмийн шинэ хамтлаг анхны тоглолтоо хийлээ.

Найрал хөгжмийн чуулга байгуулах санааг анх Санкт-Петербургийн консерваторын ректор Алексей Васильев болон манай их сургуульд суралцаж байсан, Оросын соёлыг сайн мэддэг болон өдгөө Монгол Улсын Консерваторын захирлаар ажиллаж буй Цэрэнжигмэдийн Шаравцэрэн нар гаргажээ.

"Манай хоёр ард түмний хөгжмийн зэмсгүүд дуугаралт, аялгуу, зохион байгуулалтаараа маш төстэй. Одоохондоо зохион байгуулалтын зарим асуудлуудыг шийдвэрлэхэд бэрх байгаа ч цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, манай хоёр орны аль алинд тус нэмэр, үр өгөөжтэй байх хамтарсан чуулгууд байгуулах ажлыг урагшлуулж болно гэж бодож байна" хэмээн консерваторын тусгай төслийн удирдагч, профессор Гинтаутас Жяльвис ярилаа.
 


Төслийг F.E.S сангийн дэмжлэгтэйгээр хоёр орны Улсын консерватори, түүнчлэн Санкт-Петербург болон Улаанбаатар хотууд дахь Рерихийн гэр бүлийн музейн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа аж. Найрал хөгжмийн чуулгын бүрэлдэхүүнд залуу хөгжимчид домра, балалайка, гусли, морин хуур, лимбэ, шанз болон бусад үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглож байгаа ба тэдний дуу хөгжим анх удаа нэгэн симфони чуулга болон дуугарч байна. Анхны тоглолтын хөтөлбөрт Орос, Монголын сонгодог бүтээлүүдээс гадна хоёр орны орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд багтжээ.

"Бидний гаргаж буй тембрийн хослол үнэхээр өвөрмөц юм. Морин хуур, лимбэний эгшгийг балалайка, домрагийн эгшигтэй хослуулах нь урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй өвөрмөц үзэгдэл бөгөөд ийм нийтлэг эрч хүч, хөгжмийн эгшиг хэний ч зүрхэнд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна" гэж анхны тоглолтын Оросын талын удирдаач Андрей Долгов сэтгэгдлээ хэлэв. Монголын талаас удирдаачаар Рэнцэндоржийн Ганбат ажиллаж байгаа. 

Эцэслэн бүрэлдсэн чуулга нь хоёр талаасаа тэнцүү оролцоотой буюу 46-48 хөгжимчдөөс бүрдэх бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт анхны тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Чуулга байгуулах ажил нь хоёр консерваторын тэргүүн нарын 2024 оны есдүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг нь юм.

 Эх сурвалж: https://tass.ru/kultura/24759291

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top