Монгол Улс морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ-ийг анх удаа зохион байгуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 16

Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.

Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
 


ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
 

2025 оны наймдугаар сарын 21. Бэлтгэл, шүүгчдийн сургалт, техникийн хурлын өдөр
 

  • 09:00 - 11:00 - Морь сонголт (баг бүрээр, морьт харвааны талбай дээр)
  • 09:30 - 16:00 - Олон улсын шүүгчдийн сургалт
  • 09:30 - 16:00 - Морь сонголт, замын сорилго
  • 16:00 - 17:30 - Техникийн Зөвлөлийн хурал


2025 оны наймдугаар сарын 22. Тэмцээний эхний өдөр
 

  • 08:00 - 13:00 - Дараалсан буудлага /Serial Shot/ тэмцээн
  • 11:00 - 12:00 - Нээлтийн ёслол
  • 12:00 - 18:00 - Кабак /Qabaq/ тэмцээн
  • 17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол


2025 оны наймдугаар сарын 23. Сүүлийн өдөр
 

  • 08:30 - 13:30 - Масахи /Masahee/ тэмцээн
  • 13:30 - 16:30 - Бөмбөг намнаа /Bumbug Namnaa/ тэмцээн
  • 17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол, хаалтын арга хэмжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top