Холимог тулаанчид Азийн залуучуудын аваргад оролцоно 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

Холимог тулааны 2025 оны Ази тивийн Залуучуудын (U-18) АШТ-д оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр (2025.08.26) эх орноосоо мордлоо.

Азийн холимог тулааны холбоо (AMMA)-ноос зохион байгуулж байгаа тус тэмцээн нь өнгөрсөн 06 дугаар сард явагдах байсан боловч тодорхой нөхцөл байдлын улмаас хойшлогдож одоо 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Ази тивийн 20 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Азийн аваргад Монгол улсаас нийт 6 тамирчин 1 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Эмэгтэйчүүдийн -55 кг-д Д.Ариунгоо (Болд нударга), -60 кг-д Б.Өлзийтнаран (Женко) нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн -55 кг-д Р.Баасанжаргал (Кинг Панда), -60 кг-д Б.Анх-Ирээдүй (Шандас ММА), -65 кг-д Э.Билэгт (Мазаалай ММА), -70 кг-д М.Өнөмөнх (Шандас ММА) нар тус тус тулалдах юм. Баг тамирчдыг ахлан "Болд нударга" клубийн дасгалжуулагч Т.Болдбаатар ажиллах болно.

Мөн Монголын холимог тулааны холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, “Кинг Панда” клубийн дасгалжуулагч Ч.Бат-Амгалан Азийн холимог тулааны холбооны урилгаар тус тэмцээн дээр Олон улсын техникийн ажилтнаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top