Д.Сэлэнгээ, Б.Оюун-эрдэнэ нар ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 27

БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна.

Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэд шигшээд шалгарах замдаа Турк (5:4), Итали (6:2) улсын багийг ялсан бөгөөд энэ сарын 28-нд тэмцээн зохион байгуулагч орны багтай алтан медалийн төлөө цэц мэргэнээ сорино.

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголоос өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв. Ийнхүү Монголын пара байт харвааны баг тамирчид холимог багийн болон эмэгтэйчүүдийн багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top