NBA-гийн шинэ улирал эхлэхэд гурван долоо хоног үлдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 30

 

National Basketball Association буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбооны лигийн 2025-2026 оны тоглолтын улирал эхлэхэд ердөө гуравхан долоо хоног үлдлээ.

НБА-гийн 80 дахь улирал 2025 оны аравдугаар сарын 21-нд эхлэх бөгөөд багууд нэгдсэн бэлтгэлдээ гарч, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан өдөр хийж байна.

Шинэ улирал эхлэхээс өмнө багууд сорилт тоглолт хийдэг уламжлалтай бөгөөд энэ жил Пальм дезерт, Сан Диего, Оушенсайд( Бүгд Калифорни муж), Хойд Чарльстон, Гринсборо ( Хойд Каролина), Лас Вегас ( Невада), Форт Уорт ( Техас) зэрэг НБА-ийн баггүй хот, мужуудад тоглолт хийж, сагсанбөмбөг сонирхогчдыг баярлуулах ажээ.

Мөн улирлын өмнөх тоглолтууд Ванкувер ( Канад), Абу Даби( АНЭУ), Мельбурн ( Австрали), Сан Хуан ( Пуэрто Рико), Макао ( БНХАУ)-д болох юм.

Улирлын тоглолтын дундуур NBA Cup тэмцээн гурав дахь жилдээ зохиогдох бөгөөд цомын эзэн баг арванхоёрдугаар сарын 16-нд тодорно.

Мөн улирлын албан ёсны зарим тоглолтууд хилийн чинадад болох бөгөөд "NBA Global games" хэмээн нэрлэгддэг эдгээр тоглолтууд 2025 оны арваннэгдүгээр сарын нэгэнд Мехико сити ( Мексик), 2026 оны нэгдүгээр сарын 15-нд Берлин ( Герман), нэгдүгээр сарын 18-нд Лондон ( Англи) хотноо зохиогдох ажээ.

Харин 75 дахь удаагийн НБА-ийн "Бүх оддын" тоглолт 2026 оны хоёрдугаар сарын 14-15 -нд "Лос Анжелес клипперс" багийн "Intuit Dome" ордонд ( Энэ ордонд "Лос Анжелес-2028" Олимпийн наадмын сагсанбөмбөгийн тэмцээн зохиогдоно) явагдахаар товлогджээ.

2025-2026 оны тоглолтын улирал 2026 оны дөрөвдүгээр сарын 12-нд өндөрлөж, плэй-ин тоглолтууд дөрөвдүгээр сарын 14-17-нд болж дөрөвдүгээр сарын 18- наас плэй-офф эхэлнэ.

Аваргын төлөөх цуврал зургадугаар сарын дөрөвнөөс эхэлж 21 гэхэд ( хэрэв долоон тоглолт гарвал) дуусах хуваарьтай байна.

Өнгөрсөн жил НБА Уолт Дисней, Эн Би Си Универсаль, Амазон прайм видео компанитай байгуулсан 11 жилийн гэрээний дагуу энэ улирлын тоглолтуулыг ESPN, NBC Sports, Amazon prime video шууд дамжуулах эрхтэй юм.

Дэлхийн таван тивийн 214 улс орон, бүс нутагт 60 хэлээр НБА-ийн тоглолтууд цацагдаж, сагсанбөмбөг сонирхогчдын мэлмийг баясгах ажээ.

 

Ц.Энхтүвшин: Таван цагариг сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top