Монгол Улс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогоо нэгтгэн зангидаж, тусгайлсан бүтэц байгуулан ажиллуулж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг угтаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол, практик, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь онол суурьтай, судалгаанд үндэслэсэн, бодлого хөтөлбөртэй, бүх нийтээрээ хэрэгжүүлдэг хамтын ажил бөгөөд энэ хүрээнд үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, үр дүнг сайжруулах, арга зүй, хөгжлийн чиг хандлагыг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалж, манай улсын нөхцөлд нутагшуулах боломжуудыг эрэлхийлэн хэлэлцэхэд энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, Австралийн Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагуудын эрдэмтэн, судлаач, төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал нь аливаа улсад хуульт ёсыг бэхжүүлэх, шударга ёсыг хамгаалах, тогтвортой хөгжилд хөтлөх, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах тулгуур гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хууль зүйн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудыг чадавхжуулах, гадаад улсын болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгааг онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 0 )