
Авиралтын тэмдэглэл
Б.ОНОН /Уулчин/
2024 оны 8 дугаар сарын 16. Өдөр бараг өнгөрч байхад “Москвина” үндсэн отгоос 3 км орчимд Бородкина уулын бэлээр хөхрөх “Вальтер”-ын мөсөн голоор харайлгаж, “Нисдэг тэрэгний” хэмээх түр зогсоол дээр харанхуйд ирэхэд зорилго нэгт альпинистууд тосон авч цангаа тайлсанд, Үндсэн отог хүртэл үүргэвч сэлтийг маань үүрч дүүрч өгсөнд хачин их баяртай. “Чапаев”-ын оргил дор, дтд 6900 м өндөрт байрлах дайралтын отгоос өглөөний 7 цагаас гарч доошилсон бид 2 ийнхүү шөнө дунд болохоос өмнөхөн “Москвина” үндсэн отогт эсэн мэнд хүрч ирлээ. Майхны үүдэнд хамт оргилдсон нутаг нэгт нөхөр чангаас чанга тэврэн авахад авиралт амжилттай болж гэдгийг ухамсарласан миний самсаа шархирсан.
Тийм ээ, энэ бол Коммунизм (хуучин нэрээр)-ын оргилоос ирсэн баярын нулимс байлаа. Одоо цагт Peak Somoni гэж нэрийдэх болсон дтд 7495 м өндөртэй, Памирын нуруунд орших 7 мянгаас дээш өндөртэй 3 оргилын хоёрыг 2024 оны авиралтын улиралд тамгаласан отгон уулчид бид хоёр байв. Харанхуйд хурдхан шиг уулын гутлаа тайлан майхан руугаа чулуудаж орхиод хуурай хуулийг хааяа ягштал баримтлах учраас “Баян Буурал” гээч нэр хүртсэн Үндсэн отогт байх сэндвичэн байр руу яаран орж явав. Энд орон орны олон уулчид цаг нөхцөөхөөр улиг болсон хуучны кинонуудыг дахин дахин үзэж, зарим нь Нарды нүүж, зарим нь ном уншиж суугаа. Миний бие энэ удаад ном унших гэж тийш яарсангүй. Ам цангав. Оргилд хүрсэн хүний хувьд 2 лааз шар айргаар “Баян Буурал”-ын удирдлагаас шагнууллаа. Бүгдийг нэг дор залгилж орхисоны дараа нүдний үзүүрт туссан жин дээр гарч зогсоход 78 кг татаж байлаа. Москвина отогт нисдэг тэрэгнээс бууж байх үеэс хойш лав 10 орчим килогоор жин хаяжээ.
2024 оны 8 сарын 11. Үдэш 22:00 цагийн үед
“БАЯНБУУРАЛ” ДОТОР СУУХ ЗУУР ТАРХИНД ГҮЙХ БОДРОЛ
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр “цонх” тохиох өдөр ойрхон. Нутгийн 4 өдийд Корженевская оргилд хүрэх нэгдүгээр отогт хүрсэн байх учиртай. Цаг агаар ивээх аваас энэ удаад бүгд оргилдох боломж байгаа даа. Энэ Коммунизм өөд зүглэх альпинист ойрд даанч олдохгүй байгаа нь тиймхэн. Өмнө нь ядаж нэг удаа зүглэж байсан бол хоёулаа үзээд алдахсан. Хэд хоног орсон ширүүн салхитай цас сүүлд Коммунизмын оргилоос буусан уулчидын мөрийг оргүй арилгаж орхисон. Хэдэн өдрийн өмнө амжилттай оргилдсон уулчидын зарим нэг нь “Баянбуурал” дотор баатар лугаа тухлаж нар, салхинд түлэгдсэн царайд нь бахархал тодорно. Энэ Киргизээс ирсэн Андрей мөн оргилдоод ирсэн. Түүний биеийн хэлэмж, галбир төрх яах аргагүй таарсан сайн бэлтгэлтэй явааг нь илтгэнэ. Ядарсан шинжгүй шахам харагдах. Коммунизм өөд дахин зүтгэх тамир тэнхээ мань эрээс өөр хэн хүнд үлдээгүй мэт. Энэ байдлыг гадарлаж, совингоороо мэдэрч байна уу гэлтэй хэсэг уулчид түүнийг хоргоон үг өдөж суугаа харагдана. Киргиз залуутай би ч гэсэн хэдэн үг солимоор л байна. За гарч нэг тамхилхъя байз.
2025 оны 8 дугаар сарын 12.Өглөөний 03 цаг болж байхад “Нисдэг тэрэгний” зогсоол дээрх ганц майханд бид хоёр ирээд зүүрмэглэгчээ аядаж байтал хөлийн чимээ тод сонсогдов. Тийм ээ.Энэ бол Киргиз уулчин Андрейгаар хөтлүүлсэн, хуучнаар СССР-ын уулчдын дөрвөл. Тэд шаламгай нь аргагүй “муурын хумс” крампоноо гуталдаа углаж аваад “Вальтер”-ын мөсөн голыг хөндлөн гулд харайлгаж, “Бородкин”-ны хяраар өгсөх нарийн жимээр шаламгайлан одлоо.
Тэр хэсэгт нурангийн эрсдэл өндөр, цасанд эс даруулбаас хад чулуунд цохиулах аюултай зурвас газар байдаг тул үүр шөнийн нам гүм үеэр туулах гэж яарч яваа нь энэ юм. Бид хоёр шөнийн харанхуйд мөрийг нь алдахгүйг хичээж нэхэн зүтгэсээр “Бородкин” -ны хормойд бэхэлсэн эхний хамгаалалтын олсонд хүрэх үеэр үүр хаяарав. Энэ бол Коммунизм оргил өөд хөтөлдөг сонгодог зам.ОХУ-ын уулын стандартаар 5А хүндрэлийн зэрэгтэй. Өнөө жил цас ихтэй, нуранги, гулсалт үүсэх эрсдэл өндөр гэж үзсэн учраас зөвхөн энэ замаар Коммунизмын оргилд нэг дүйц гаруй уулчид гараад эсэн мэнд бууж ирцгээсэн юм.Цас мөстэй урт зам туулдаг.
Зарим газарт хадан цохионууд таардаг тул зүй ёсоор хүнд авиралтадтооцогддог юм билээ. Мөн тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал шийдвэрлэх хүчин зүйлсийн нэг болдог. Нар голлож,үд хэвийх үест дтд 5300 метрийн өндөрт орших завсарын отог барьдаг буурь өнгөрч цаашлах зуур цас хайлуулж цай чанаж уугаад дээш зүтгэлээ. Үүнээс дээш тавьсан хамгаалалтын олсны бэхэлгээ олон газарт суларсан, зоосон гадас(шруп) мултарсан байв.
Иймд дараагийн бэхэлгээ хүртэл нэгнийгээ зогсож хүлээхээс өөр аргагүйд хүрэв. Олон удаа зогсож хүлээсэн дээ. Нар тэртээх баруун уулын цаагуур тонгойхоос өмнөхөн амжиж дтд 5900 м өндөрт нэг хэц дээр гаран цас малтаж майхнаа зоогоод орос уулчидтай хөршийн холбоо байгуулан амрахаар боллоо. Гараар ухаж сулласан цасан ширхэгүүдээр салхи наадах мэт нүүрэнд наалдуулан хайлууж биднээр зугаацна. Наран сүлжээний доогуур их өвдөж байна. Ашгүй удаан нойргүй явсны ачаар тэгсхийгээд нойронд дарагджээ.

2024 оны 8 дугаар сарын 13. Өглөөний 7 цаг орчимд Цаг агаар тогтуун, аятайхан өдөр болох янз байна. Босоод буцалсан усандаа Монгол замбаа хутгаж уугаад хөдлөв. Энэ удаагийн өндөр авалтын үеэр махан хоол идэх дуршил дарагдсан нь сонирхолтой байлаа. Хамт дээшлэх хашир уулчин мөн л ялгаагүй. Цай, гурилаар тэгсхийн аргалах маягтай харагдана. Дтд 6200 м “Бородкина ”-г давлаа. “Памирын хавтгай” (Памирское Плато) руу буухад буцаж 100 гаруй метр уруудна. Бородкин-аас буухын тулд 60 орчим градустай налуугаар олсоор бууж, энгэр хэсгээр нэг цаг гаруй алхасны эцэст Памирское Плато-гийн зах, “Душанбе” Оргилын хормойд майхнаа барьж хоноглолоо. Энэхүү Памирын хавтаг дээрээс Чапаев оргилоор дамжин цааш өгсөх авиралтын замд гарахаас өмнө нуруунд үүрэх ачаагаа бага боловч хөнгөлж илүү гарсан хоол хүнсээ цасанд булж үлдээнэ.
Өтгөрүүлсэн сүү, бэлэн гоймон, бутарч үйрсэн талх болон борцны заримыг энд үлдээв. 2025 оны 8 дугаар сарын 14. 18 цаг орчимд дтд 6900 метрт Душанбе оргилын хойт товцог дээрээс цас малгайлан орж бидний ирсэн замыг хэрхэн аажмаар баллуурдаж байгааг майхны үүдээр харан хэвтэнэ. Манай багийнхан өөр өөрийн майханд маргааш өглөөний оргил өөд зүтгэх авиралтаа тархиндаа нэрэн амарцгааж байна. Хуучнаар Чапаевын оргил өөд бид нар бараг 8-9 цаг зүтгэж байж гарч ирцгээлээ. Цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, бэрх өдөр байсан. Хэдэн өдрийн өмнө гарсан уулчидын мөр оргүй арилсан тул зарим газарт бүсэлхийгэр татсан гүнзгий хөр цасаар туучлаа.

2024 оны 8 дугаар сарын 15
КОММУНИЗМ дтд 7495м ОРГИЛД ГАРАВ
Өдрийн 12 цаг 15 минут. Оргил! Дтд 7495 м!. Шуургатай!. Өөрийгөө чамгүй сайн дайчилж байж оргилд гарлаа. Сэтгэл хангалуун. “Оргил бол уулчин хүний зорилгодоо хүрэх замын тал нь юм. Уулын оргил бэлдээ” гэж хамт 7945м өндөртэй оргил дээр зогсох агшинг ухаалаг утасныхаа дүрс бичлэгийн санамжид зориулан хүүрнэхийг бичин зогсож буй миний бүх бие чангарах мэдрэмж. Тиймээ одоо “газардах” хариуцлагатай ажил үлдэж байна.
2024 оны 7 дугаар сарын 25
Энэ удаагийн Памирын зуны авиралтын улирлаар Москвина МАЛ-Памир (международный альпинисткий лагерь) дээр зэгсэн олон монгол уулчдыг хувь тавилан уулзуулжээ. Манай 7 нөхөд нисдэг тэрэгнээс малгайгаа хийсгэхгүйн тулд гараараа дарсаар бууж ирэхэд Корженевскаяд оргилдсон уулчид инээсээр биднийг угтан авдаг байгаа. Элэг нэгт уулчидын зүс царай нар салхинд борогшиж юм үзэж нүд тайлсан шинжтэй.Атаархам сайхан харагдана. Бид нийлж Памирын нурууны хамгийн өндөр оргилын хойд ханаар арын тайз хийн патериа татуулаад авлаа. Дурсгалтай байлгүй яахав. Дтд 7105м оргилд хүрч амжсан нөхдөөс сонин дуулж “Баянбуурал2”-т монгол уулчид нэг эгнээ ширээ тойрч дүүргэн сууж шавиагаа ханатал ярилцацгааж билээ. Сайхаан. Энд орон орноос ирсэн 40 орчим хүн цуглажээ. Ес хоногийн дараа 8 дугаар сарын 3- нд нисдэг тэрэг дахин ирэх хуваарьтай. Үндсэн отогийн ерөнхий зохицуулагчаар Здравко гэх болгар гаралтай ахмад уулчин ажиллаж байна. Энэ хүн бол “Pamir Peaks”-ээс энэ авиралтын улирлыг удирдан чиглүүлэхээр олонтаа томилогдсон хашир уулчин ажээ. Тэрээр Коммунизм өөд хөдлөхөөс өмнө “...Тун няхуур байж чамбай ажиллана шүү. Корженевская -тай харьцуулахааргүй, арай өөр уул шүү...” хэмээн аминчилан захисныг ангал руу унаад буцаж гарч ирсэн би бээр яс махаараа ойлгож байлаа. Тийм ээ.Үнэхээр өөр уул байсаан.

2024 оны 7 дугаар сарын 27-ноос 31-ний хооронд Дтд 5100 м. Эхний отог хүрэх цавчим хадан цохиог давахад угтах мөсөн голоос хэлтрэн унаж ойх хад чулуун дундуур таарах гарам. Уулчидын яриагаар маш аюултай зурвас. Биднийг гарахад мөс, чулуу холилдсон нуранги үүнийг баталж заналхийлэн урсан одлоо. Нэгдүгээр отгоос гараад 40 орчим метр өндөр хадан цохио өөд өглөөгүүр авирахад мөс хайлж эхлээгүй цаг хэдий ч хамгаалалтын олсоор мацахад бээлийнүүдээ нэвт норгон байж давлаа. Дтд 5600м өндөрт байрлах 2-р отогийн наана ангалд уналаа би!. Хөлийн гишгэгдэл дор газар гэнэт цөмрөх шиг л болсон... Эхний хэдэн хоромд яаж тогтож үлдэх вэ? л гэж бодогдсон.Хоёр хөл, нуруугаараа тэгнэж арайхийн үлдэв.Одоо маш тайван байж ангалаас хэрхэн гарах дараагийн алхамыг зөв бодож олох ёстой... Хамт яваа хашир туршлагатай альпинистын тусламжтайгаар аюулт ангалаас амь хэлтэрсэн. Тэнд манай баг цусан дахь хүчил төрөгч тээвэрлэгч гемоглобины тоогоо нэмэгдүүлж өндөр авалтын бэлтгэлийг чамгүй сайн базаасан.

2024 оны 8 дугаар сарын 01
КОРЖЕНЕВСКАЯ дтд 7105 м ОРГИЛД ГАРАВ
Дтд 6300м байх.Гуравдугаар отогоос өглөөний 2 цагаас эхлэн ар араасаа дээшилсэн манай баг. Доороос нэхэн ирэх уулчидын духны гэрэл сүүмэгнэн харагдаж ханьсан нь сэтгэл тайвшруулна. Хамгаалалтын эхний олсоор жумардаж гарахад үүр хаяарав. Холоос нисдэг таваг шиг харагдах цасан хөмөгөн малгайтай 3 давааг харж суухад оргил хүрэх зайг биеийнхээ бүх эд эсээр мэдэрнэ. Орон нутгийн цагаар 14 цаг 15 минут. Дтд 7105 м өндөрт. “Озоди” оргил дээр баяртай зогсох мөч. ЗХУ-ын аялагч, судлаач эрхэм нэгэн хамт аялах судалгааны ажлын үнэнч туслах эхнэрийгээ хөөрөгдөж “Корженевская“ хэмээн эм сүнстэй болгосон эл оргил бол 2020 он хүртэл оноосон анхны нэрээрээ олонд танил болсон түүхтэй. Цаг агаар сайхан. Испани, Иран альпинистууд оргил дээр таарч тэврэлдэн баяраа хуваалцлаа. Энэ удаад манай багаас 2 уулчин оргилдсон юм.

2024 оны 8 дугаар сарын 23-ны өглөөгүүр Памирын зуны авиралтын улирал дуусах дөхжээ. Биднийг яг нэг сарын өмнө “Москвина” отогт буулгаж байсан нисдэг тэрэг одоо эх нутгийн зүг буцахад замчилж, салхи татуулан газардлаа. Ерөнхий зохицуулагч Здравко, найз болсон нутгийн уугуул тогооч ах нартай тэврэлдэн сайн сайхныг хүсэн ерөөв. Нисдэг хүлгийн нүүрэглээн дунд орон орноос тунаж үлдээд байсан 20 гаруй уулчид чимээгүйхэн үүргэвчүүдээ бас орос уулчны цогцсыг хийсэн хөөсөн хайрцгийг гөлрөн сууцгана. Тиймээ энэ улиралд Корженевын оргилоос бууж явсан нэгэн орос залуу майхандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг буулгах бэрх ажиллагаанд бидний цөөхөн монгол уулчид гар бие оролцсон билээ. Жиргитал тосгонд нисдэг тэрэгнээс үсрэн буухад халуу дүүгэж, дэлгүүр орох замдаа зөөлөн ногоон хөрсөн дээгүүр алхаж, “Баянбуурал”-д нүдний гэм болсон ундаа залгилж, эгэл жирийн амьдрал руу хурдтай, шуналтай орлоо.
Эпилог
Памирын нуруунд өнгөрүүлсэн зун миний, бидний тэсвэр тэвчээр хаана хүрэхийг сорьсон, оргилуудаар мялаасан сайхан өдрүүд байж ийнхүү ард үлдлээ. Памирт долоон мянган метр давсан өндөртэй хоёр оргилд дараалан авирах биеийн болон сэтгэлзүйн бэлтгэлийг Монгол орныхоо Баруун хязгаарын сүрлэг уул нурууд, цас мөсөн дунд өнгөрүүлсэн олон хоног өдрүүд, зааланд дахь хүчний бэлтгэл, хувийн сахилга батаар базааж авсан байдгиймаа. Тажик руу нисэхээс хэдхэн өдрийн өмнө, 2024 оны 7 дугаар сарын 11-ний Наадмын билэгт сайн өдөр Төрийн тахилгат Сутай хайрханы оргилд бараалхаж хүслээ шивнээд алсын замд мордсон билээ. Одоо эх орондоо ирж эгэл жирийн амьдралын урсгалд хөвөрч нам дор газар өдөр хоногийг будлиулж байхад зэрвэсхэн “Уулын оргил бэлдээ байдаг юм” гэж юутай сайхан бөгөөд юутай үнэн үг вэ гэж бодном.
Монгол Улс, Улаанбаатар
2025 оны 9 дүгээр сар
Сэтгэгдэл ( 2 )
Nudend haragdtal saihn bichjee.
Sain uulchin tand az jargalig husie amjilt