
Цахим спортын "The MongolZ CS2" багийн тоглогч Senzu багаа орхиж буйгаа мэдэгджээ.
Дэлхий дахинаа сая сая шүтэн бишрэгчтэй болсон тус багийн үндсэн тоглогчдын нэг Senzu энэ тухайгаа "Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Энэ бол гэнэт гаргасан шийдвэр биш. Гэхдээ яг л өөрийн гэрээ орхиж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Бид хамтдаа маш олон дурсамж бүтээсэн. Хамт олон, хайртай хүмүүсдээ хамгийн сайн сайхныг хүсэж байна. Биднийг дэмжиж ирсэн бүх хүмүүст уучлалт хүсэж байна.
Муу мэдээ дуулгасандаа харамсаж байна. Хэрвээ та нар надад энэ гайхалтай боломжийг өгөөгүй бол өнөөдрийн “би” гэж байхгүй байх байсан. Зүгээр л бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бас бүх зүйлд уучлаарай…" гэжээ.
Харин түүнийг багаасаа гарч буй тухай "The MongolZ"-ын албан ёсны мэдэгдэлд "Өнгөрсөн хугацаанд The MongolZ CS2 багийн тоглогчид та бүхний сайн мэдэх бүрэлдэхүүнээрээ Монголын цахим спортын хөгжилд шинэ хуудсыг нээж, Counter-Strike тоглоомыг энгийн нэгэн компьютерийн тоглоом бус багийн спорт хэмээх үнэт зүйлээр нь олон нийтэд таниулж ирсэн билээ.
Гэсэн хэдий ч, тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдэж байна.
Энэхүү шийдвэрийг багийн тоглогчид болон менежментийн багийн зүгээс удаан хугацаанд нухацтай хэлэлцэн, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан болно. Бид The MongolZ-ийн үнэнч дэмжигч та бүхнийг энэ шийдвэрийг хүндэтгэн, ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. The MongolZ CS2 баг улирлын үлдсэн тэмцээнүүдэд Stand-In тоглогчтойгоор оролцох болно" гэжээ.
Одоогийн байдлаар Stand-In тоглогчийг зарлаагүй байгаа бөгөөд Senzu дараагийн алхам мөн олны анхаарлыг татсаар байна.



Сэтгэгдэл ( 0 )