Дотоод хэргийн их сургуульд “Симуляци сургалтын танхим”-ыг тохижуулан хүлээлгэж өглөө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 28

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах байгууллагыг чадавхжуулах” (M-LET) төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуульд “Симуляци сургалтын танхим”-ыг нээх, сургалтын материал, тоног төхөөрөмж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2025.10.27) боллоо.

Энэ үеэр тус байгууллагын Зүүн өмнөд ази, Номхон далайн бүс нутгийн дэд дарга ноён Бенедикт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт болон НҮБ-ын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн дэд дарга ноён Бенедикт Хофман, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Нгуен Дак Лонг, Зүүн өмнөд ази, Номхон далайн бүсийн салбарын тэргүүлэх шинжээч Иншик Сим нарын төлөөлөгчид оролцож цаашид төслийг үе шаттайгаар үргэлжлүүлж, ахиулах талаар санал солилцлоо.

Монгол Улсын хууль сахиулах байгууллагыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших богинохон хугацаанд их сургуулийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийж багш, албан хаагчдыг гадаад, дотоодын чадавхжуулах сургалтуудад үе шаттайгаар хамруулж, мөрдөх арга зүй, гүйцэтгэх ажлын чиглэлийн модуль гарын авлагыг боловсруулан их сургуульд хүлээлгэн өгөөд байна.

Тэр дундаа Их сургуулийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж сургалтад нэн шаардлагатай тоног, төхөөрөмж хандивлаж, иж бүрэн тоноглогдсон “Симуляци сургалтын танхим”-ыг албан ёсоор нээлээ.

 НҮБ-ын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн дэд дарга ноён Бенедикт Хофман: “Монголын хууль сахиулах салбарын залгамж үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Монгол Улсад хэрэгжүүлсэн хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр нь АНУ-ын төрийн департментын харьяа Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны дэмжлэгтэйгээр хэрэгждэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургалтын тогтолцоог орчин үеийн болгох, сургалтын чанарыг нэмэгдүүлэх, цаашид ДХИС-ийг хууль сахиулах салбарын боловсролын шилдэг үндэсний төв болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Эдгээр симуляцын арга хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд нь онол, дадлага хослуулах, технологи ашиглан хичээл заах боломжийг олгох юм. Сургалтыг бодит байдалд илүү ойртуулж, практикт тулгардаг асуудлуудыг шийдэхэд тусална” хэмээв.

Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт “Дэлхий дахинд зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч, хор хөнөөлийн зэрэг нь өсөн нэмэгдэж, олон улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байгаа өнөө үед энэ чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн хичээл, сургалтыг зохион байгуулах боломж бүхий сургалтын орчныг бүрдүүлж өгсөн нь цаг үеэ олсон маш оновчтой ажил болж байна. Сургалтын шинэ технологи, орчин нөхцөл бүхий хичээлийн танхимд манай сонсогчид суралцах боломжтой болсонд сонсогч, суралцагчдынхаа өмнөөс баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ноён Бенедикт Хофман Их сургуулийн сургалтын орчныг сайжруулах, багш нарыг сургах чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ. Мөн суралцагчдад чиглэсэн ажлын хүрээнд ДХИС-ийн сонсогчдыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны бүсийн оффисын үйл ажиллагаатай танилцуулж, богино хугацааны дадлага хийлгүүлэх боломжийн талаар санал дэвшүүлснийг Их сургуулийн зүгээс талархан хүлээн авч ажил хэрэг болгохоор харилцан тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top