СЗХ-н дахь “Бэрэн” группийн суурин төлөөлөгч хэн бэ?

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 11

Монголын хөрөнгийн зах зээлд олон арван жил үйл ажиллагаа явуулж ирсэн “Бэрэн” группийн охин компани болох “Атар өргөө” ХК нь сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаж, компанийн үйл ажиллагааны үзүүлэлтүүд доройтон, санхүүгийн хүндрэлд орж буй нь нийтэд тодорхой болжээ.

Хувьцааны ханш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин буурч, компанийн үйл ажиллагааны ашиг жилээс жилд багассан, мөн нэг ч удаа ногдол ашиг хуваарилаагүй байна. Мөн удирдлага нь холбоотой этгээдүүдэд зээл олгосноор компаниа санхүүгийн хүндрэлд оруулсан нь 2024 оны аудитын дүгнэлтээр батлагдсан.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь компанид “даалгавар өгөх” бүрэн эрхтэй бөгөөд даалгавар биелээгүй тохиолдолд 85.2.3-т зааснаар шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх эсвэл үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох санал гаргах эрхтэй гэж хуульчилжээ.

Гэвч СЗХ энэхүү эрхээ ашиглаагүй, хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь хөгжлийн банкийг цөлмөгч”Бэрэн” группийн эрх ашгийг хамгаалж байгаа мэт хардлага төрүүлж, анхаарал татаж байна.

Мөн 2025 оны 6 дугаар сарын 13-нд хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу СЗХ-ны дэргэдэх Хяналтын зөвлөл “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 03 тоот тогтоол гаргаж, “Атар өргөө” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нээлттэй зах зээлээс худалдан авсан хувьцааг саналын эрхтэй эсэх талаар шийдвэр гаргахыг Хороонд үүрэг болгосон.

Гэвч СЗХ энэхүү тогтоолыг биелүүлээгүй бөгөөд Дээд шүүхийн 2024 оны есдүгээр сарын шийдвэрийг буруу тайлбарлан хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Тодруулбал, СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 32.2-т “Хяналтын зөвлөлийн хуульд нийцсэн шийдвэрийг Хороо биелүүлэх үүрэгтэй” гэж заасан нь тодорхой байгаа юм.

Ийнхүү “Атар өргөө” ХК-ийн удирдлагын илт хууль бус үйл ажиллагааг СЗХ нь шууд болон шууд бусаар дэмжиж, хууль хэрэгжүүлэх үүргээ умартсан байдал ажиглагдаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн итгэлийг сэргээх, хөрөнгийн зах зээлийн шударга, ил тод байдлыг хангах үүднээс Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон бүрэн эрх, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэхийг мянга мянган хувьцаа эзэмшигчид нь шаардаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top