Балетын үндэсний сургуулийнхан "ЦӨМӨӨХЭЙ"-н тайзнаа 12 дахь жилдээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шинэ жилийн хамгийн нандин дурсамжийг бэлэглэгч П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдаж, сонгодог урлаг сонирхогчид, хүүхэд багачуудын Дуурийн театрыг зорих хөл хөдөлгөөн тасрахгүй байна. 

Монгол Улсын Соёлын элч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар Монголд нутагшуулсан “Цөмөөхэй" бүжгэн жүжгийг өнгөрсөн жилээс Дуурь, бүжгийн эрдмийн театр хариуцан, дэглэн тавьж байгаа.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн зуу зуун хүүхдүүд энэ өдрүүдэд хүүхэд насны хүсэл мөрөөдлөө биелүүлэн "Цөмөөхэй"-н тайзнаа бүжиж байна.

Тэдний нэгээхэн хэсэг нь Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид ба тус сургуулийнхан арванхоёрдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдийн тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байна. Энэ өдрүүдэд тус сургуулийн "Сонгодог балет" хөтөлбөрийн болон Өсвөр, насанд хүрэгчдийн ангийн суралцагчид "Цөмөөхэй"-н тайзнаа дүр бүтээх болно. 

Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээх болоод сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго юм. “Цөмөөхэй балет”-ыг үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалын гал дүрэлздэг ба сонгодог урлагийн тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг уран яруу хөгжим, бүжигтэйгээр үзсэн хүүхэд багачууд балетын ертөнцөд нэгэнт дурладаг.

"Цөмөөхэй балет” нь анх тоглогдож эхэлснээсээ хойш ийнхүү 12 дахь жилдээ УДБЭТеатрын тайзнаа тоглогдож байна. 

Монголын балетын үндэсний сургуулийн сурагчдын тэргүүлэн оролцох үзвэрийн хуваарь

Арванхоёрдугаар сарын 19. 19:00 цагаас
Арванхоёрдугаар сарын 20. 17:00 цагаас
Арванхоёрдугаар сарын 21. 17:00 цагаас

*   *   *

"Цөмөөхэй" балетын тухай

Хөгжим: П.И.Чайковский
Дэглэн, найруулсан: МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг
Хөтлөх найруулагч: Т Ганбаяр

1835 оны шинэ жилийн баярын өмнөх орой: Цасан бударсан өвлийн үдэш, цахим хүйтэн шинэ жилийн өмнөх орой Дросселмайер уран дарханы газартаа Цөмөөхэй хүүхэлдэйн сүүлийн будгийг түрхэж дуусна. Харин гадаа жиндүүхэн гудамжаар хотын иргэд шуугилдан холхилдоно.
 

Нэгдүгээр үзэгдэл

Ноён Сильберхаусын гэр бүл шинэ жилийн баярын үдэшлэгтээ найз нөхөд, хамаатан саднаа хүлээж авахад бэлдэцгээнэ. Эцэг эх нь шинэ жилийн гацуур чимэглэж байх хооронд гэрийн асрагч ахайтан Сильберхаусын хүүхдүүд болох Клара, Фриц хоёрт анхаарал тавина.Сильберхаусын гэр бүл уригдсан зочидтой мэндчилж, үзэсгэлэнтэй чимэглэсэн гацуурынхаа гэрэлтүүлгийг асаана. Баяр цэнгээн үргэлжилж, Сильберхаус зочдоо бүжигт урина. Гэнэт оройтож ирсэн нэгэн зочныг зарласан нь цугларсан зочид, ялангуяа хүүхэд, багачуудыг сэргээнэ. Кларагийн загалмайлсан эцэг, Сильберхаусын гэр бүлийн дотны найз, авга ах Дросселмайер ирсэн нь тэр ажээ. Тэрээр хурэлцэн ирсэн зочдыг өөрийн бүтээсэн гар урлал, механик бүжигчин хүүхэлдэйнүүдээрээ алмайруулан баясгана. Клара бүжигчин болох мөрөөдөлтэй тул бүжигчин хүүхэлдэйд маш ихээр дурлах аж.Дросселмайер Кларад өөрийн тусгай бэлэг болох цэрэг хувцастай ер бусын Цөмөөхэй хүүхэлдэйг бэлэглэнэ. Фриц эгчдээ атаархаж, хүүхэлдэйг хулгайлж авахаар найзуудтайгаа хуйвилдана. Тэрээр зальтай нь аргагүй сэмхэн гэтэж, байгаад Кларагаас Цөмөөхэйг булааж авахыг оролдоно. Хүүхдүүд хүүхэлдэйг булаацалдан тэмцэлдсэн ч эцэст нь Фриц ялж, Цөмөөхэйг аван газар шиднэ. Клара маш их харамсан гутрахад ноён Сильберхаус хүүгээ зэмлэнэ. Дросселмайер Цөмөөхэйн гэмтлийг шинжээд илбэ шид бүхий хэд хэдэн хөдөлгөөн хийсний дараа хүүхэлдэйг Кларад эргүүлэн өгнө.Сильберхаус зочиддоо бүжиглэхийг санал болгосноор бүгд түүнтэй нэгдэнэ. Цаг орой болж, зочид ч салах ёс гүйцэтгэн явцгаана. Гэрэл унтарч, Сильберхаусын гэр бүл өвлийн урт шөнө амрахаар хэвтэцгээнэ. Шөнө дунд ойртох үед Клара хайрт Цөмөөхэйгөө харахаар өлмий дээрээ гишгэн өрөөнд чимээгүйхэн орж ирнэ. Хүүхэлдэйг аюулгүй байгааг хараад сэтгэл амарч, буйдан дээр нойрсохоор хэвтэнэ. Клараг нүдээ анимагц нэгэн хулгана гарч ирнэ. Тэр мөчид хуучин өвөөгийн цаг 12 цохиж Клара цагийн чимээгээр сэрээд өрөөгөөр нь олон хулгана гүйлдэж байхыг харан гайхна. Тэрээр Цөмөөхэйгөө тэврээд буйдан дээр суун хорогдоно. Гэнэт Дросселмайер гарч ирэн Клараг тайвшруулж, хулгануудыг үргээнэ. Гэвч адал явдал үүгээр дууссангүй. Өрөөний хананууд өөрчлөгдөж эхлэн шинэ жилийн гацуур мод аварга том болж хувирна.

Үүнтэй ижил Цөмөөхэй ч гэсэн өсөн том болж хувиран Клараг гайхшрууллаа.Хулганы хаан гарч ирэн Цөмөөхэйг тулаанд дуудна. Хулганы хаан давамгайлж эхлэх шиг болоход Клара шаахайгаа тайлан түүний толгой руу шиднэ. Цөмөөхэй ч боломжийг ашиглаж, хорон санаат Хулганы хааныг устгана. Дросселмайер дахин гарч ирж, сүүлийн илбэ шидээ хийж, Цөмөөхэйг сэтгэл татам Ханхүү болгон хувиргана. Ханхүү Клараг дагуулан Цасны оронг гаталж, Амттангуудын хаант улсыг зорихоор аялалд гарна.

Хоёрдугаар үзэгдэл

Дросселмайерын илбэ шид үйлчилсэн хэвээр.., Клара, Ханхүү хоёр Амтатны дагины захирдаг чамин тансаг Амттаны хаант улсад ирнэ. Ханхүү Амтатны дагинад хулгануудтай хийсэн тулааныг дүрслэн үзүүлж, Клараг хэрхэн зоригтойгоор Хулганы хааныг хашраасныг ярьж өгнө. Хаант улсын иргэд Кларагийн зоригийг гайхан биширч, түүнд зориулж олон янзийн гайхамшигт аялгуут бүжиг хийцгээх бөгөөд Амтатны дагина, сэтгэл татам Ханхүү хоёрын хослон бүжгээр оргилдоо хүрнэ. Тэдний бүжиг дууссанаар Кларагийн адал явдал өндөрлөсөн ч, Кларагийн зүүд үргэлжилсээр...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top