“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” тусгай үзэсгэлэнгийн нээлт амжиллтай боллоо

Я.Болор | Zindaa.mn
6 цагийн өмнө

Монголын Үндэсний музей оны отгон "МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ" үзэсгэлэнгээ амжилттай нээж, олон нийтэд толилуулаа.

Музей нь хүн төрөлхтний хөгжлийн оюуны болон эдийн соёлыг хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлдэг соён гэгээрүүлж, мэдлэг боловсролыг тэтгэдэг соёлын үнэ цэнтэй орон зай юм. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр цуглуулга, эд өлгийн дурсгал нь түүхийн бодит гэрч болж үеэс үед уламжилдгаараа онцлогтой.

Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн Захирал Д.Отгонсүрэн нээж үг хэлсэн бөгөөд бидний өвөг дээдсийн гоёл, чимэглэл хувцас заслыг музейн сан хөмрөгт хадгалагдаж буй багахан хэсгийг түүхэн хөгжлийн дагуу он цагийн орчил дарааллаар олон нийтэд толилуулж буйг онцлон тэмдэглэв. Мөн "Монгол костюмс" ХХК-ийн Захирал, Доктор, Профессор, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Сувд "Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл" үзэсгэлэнд баяр хүргэж үг хэллээ.

Тус үзэсгэглэнд монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг харуулах зорилгоор Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гоёл чимэглэл, хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийн зүйлийг дээжлэн, дагалдах судалгааны бичвэр, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийн хамт та бүхэнд толилуулж байна. Тухайлбал, чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн “Зүүлт”, Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн “Алтан цог” чимэглэл, XIX-XX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас зэрэг монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл үнэт үзмэрүүдийг үзэгч та бүхний гэгээн мэлмийг мялааж байна.

Тус үзэсгэлэн 2025.12.12-2026.02.02-ны өдрүүдэд музейн 1 дүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top