Хөгжлийн банкны орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа.

Банкны үйл ажиллагааны өнөөгийн цар хүрээ, санхүүгийн нөхцөл байдал, хүний нөөцийн бодит чадавх, ажилтнуудын ур чадварыг цогцоор нь үнэлж, банкны цаашдын зорилго, зорилттой уялдуулан орон тооны дээд хязгаарыг тогтоосон байна. Ингэснээр банкны үйл ажиллагааны үр ашиг, засаглалын чанарыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэх юм.

Бүтцийн шинэчлэлийн хүрээнд банкны нийт орон тоог цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 гаруй хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Бүтцийн өөрчлөлтийн үр дүнд Хөгжлийн банк 2026 онд нийт 2 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо гарчээ. Энэ нь банкны санхүүгийн сахилга бат, зардлын үр ашигт байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд хүрэх хүртэл хугацаанд цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэлийг баримталж байгаа билээ. Цаашид уг банкийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах үүргийг банкны Хувь нийлүүлэгч болон ТУЗ-д албан ёсоор даалгалаа.

Цаашид Хөгжлийн банк нь засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог шат дараатайгаар сайжруулж, эдийн засгийн хөгжилд чиглэсэн үндсэн үүргээ үр ашигтай, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top