Саудын Арабын Янбу хотноо “Дакар ралли-2026” уралдаан эхэллээ.
48 дахь удаагийн “Дакар ралли"-д оролцогчид нийт 8000 км замыг туулах бөгөөд эхний өдрийн уралдаан Янбу хотод өчигдөр болов.
Энэ удаагийн “Дакар ралли”-д Гавьяат тамирчин Э.Халиунболд, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Нийт 14 хоног үргэлжлэх уралдааны эхний өдөр нийт 527 км замаас уралдааны цаг тооцох 305 км зам нь чулуу, элс, хатуу шороон гадаргуутай зам байжээ. Тодруулбал, нийт замын 70 хувь нь хайрга, 16 хувь нь элс, 8.0 хувь нь чулуу, 4.0 хувь нь элсэн манхныг туулсан байна.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболдын хувьд 305 км замыг 3:51:45 цагийн амжилтаар туулж, нийт 120 тамирчнаас 33, “Ралли-2” төрөлдөө 20 дугаар байрт барианд оржээ. Харин Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 52, Ралли-2 ангилалдаа 35 дугаар байр эзэлжээ.
Уралдаан Янбу хотоос өнөөдөр буйраа сэлгэж, Алула хотын зүг хүлгийн жолоо зална. Хоёр дахь өдрийн уралдааны зам нийт 504 км байх бөгөөд үүнээс 104 км нь суурингийн зам юм.
Харин уралдааны үндсэн зам 400 км. Замын 49 хувь нь хатуу шороо, 23 хувь нь элсэрхэг, 28 хувь нь чулуун хад асга байхыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан болон сэтгүүлч, зураглаач С.Батболд мэдээллээ.



Сэтгэгдэл ( 0 )